Хулгайн тээвэрлэлт хийвэл жолоочийн 10 онооноос хасна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:28:25

Орхон аймагт өдөрт дунджаар  150 гаруй такси хууль бусаар зорчигч тээвэрлэдэг  бөгөөд 10-15 нь байнга торгуулдаг ажээ. Хэрэв “Жолоочийн зөрчлийн оноо”-ны журам мөрдөгдөж эхэлвэл ийм төрлийн зөрчил гаргасан жолоочийн 10 онооноос нь хасах гэнэ.

Ингэснээр хулгайн тээвэрлэлтийг багасгаж хариуцлагыг өндөржүүлэх боломжтой гэж Орхон аймгийн Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч Т.Ариунболд хэллээ.  

Хууль бусаар такси үйлчилгээ эрхэлдэг жолоочид эхний ээлжинд сануулга өгдөг байна. Хэрэв дахин зөрчил гаргавал 30 мянга улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмсэнтэй тэнцэхүйц мөнгөн торгууль ногдуулдаг ажээ. Торгуулийн мөнгийг улсын төсөвт төвлөрүүлдэг байна. 

Орхон аймагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 7 аж ахуйн нэгж байдаг бөгөөд өдөрт дунджаар 650 орчим такси үйлчилгээнд гардаг юм. Гэхдээ дээрх 7 компанийн хоёр нь стандартчилал, тохирлын үнэлгээний гэрчилгээгүй байна. Уг гэрчилгээг хоёр жил тутам хийдэг юм. Тохирлын гэрчилгээгүй компаниуд аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэст хүсэлт тавьсаны дагуу хяналтын комисс ажиллах ажээ.

Б.Оюун-Эрдэнэ  

Связанные новости