Өмнөдэлгэр сумын гар урчуудын эсгий ширмэл аравч содон бүтээл болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 14:03:39

Хэнтий аймгийн ЗДТГ-аас сар шинийн баярыг угтаж жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Цагаан сар-Цагаан идээ-2016” үзэсгэлэн худалдаа Эвт худалдааны төвд боллоо. Энэ үеэр Өмнөдэлгэр сумын гар урчуудын бүтээсэн эсгий ширмэл аравч шинэлэг содон бүтээл байсныг албаныхан онцоллоо.

“Хан Хэнтийн гар урчууд” ХХК-аас санаачлан бүтээсэн энэхүү бүтээл нь Монгол үндэсний хээ угалз, эртний хадны сүг зураг, 13 дугаар зууны хаадын амьдрал зэргийг харуулсан дүрс зурагтайгаар хийгджээ.

Цаашдаа “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ны гар урчууд энэхүү бүтээлээ сайжруулж, 100 метрийн урттай, Их Эзэн Чингис хааны бүхий л амьдралыг харуулсан дүрс бүхий байдлаар бүтээж, дэлхийн Геннисийн номонд бүртгүүлэх зорилго тавин ажиллаж байгаа ажээ.

Тус үзэсгэлэн худалдаанд 18 сум, 4 тосгоны 300 гаруй баялаг бүтээгчид хүрэлцэн ирж, өөрсдийн хийсэн гар урлал, цагаан идээ, бэлэг дурсгал, үндэсний хувцас зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцов. Аймгийн удирдлагууд үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүтээгдэхүүнүүдийг үзэн сонирхож, урьдны жилүүдээс илүү байна гэж онцоллоо.

О.Буянхишиг

 

Связанные новости