Монгол Улсын 23 хааны товч намтар кирилл, англи, монгол бичгээр хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-01-25 17:28:43

 Эх түүх, Их хаадын сэдвийг хөндөн баяжуулсаар 20 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй "Төрт ёс, Хаадын сан" төслийнхөн монголоор зогсохгүй дэлхийн уншигчдад хүрэхээр даацтай шинэ бүтээлийн дээжээ өнөөдөр Интерномын ёслолын танхимд танилцуулав.

Тус сангийн гүйцэтгэх захирал Д.Гүн-Үйлс "Монгол хаад" намтар цадигийн зурагт цомог бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн зураачид болон туужсын эмхэтгэл гаргахад гүн туслалцаа үзүүлсэн багийнхаа хамт олонд талархаж буйгаа илэрхийлэн санг үүсгэн байгуулсан МУСГЗ, аав Дугарсүрэн, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар зохиолч Л.Түдэв болон их эрдэмтэн Ч. Далай, Л.Хүрэлбаатар нарын санаачлагын үрээр өнөөдрийг хүрч ихийг бүтээснээ онцлов. "Монгол хаад" зурагт цомогт Их Монгол Улсын 5 хаан, Монголын Юань улсын 10 хаан, Монгол улсын 23 хааны тухай товчоолсон намтрыг кирилл, босоо монгол бичиг, англи орчуулгатай хэвлүүлсэн нь шинэ содон, эмх цэгцтэй, даацтай бүтээл болсныг Шинжлэх ухааны гавьяат ажилтан, эрдэмтэн багш С.Дулам, МУСГЗ, зохиолч Д.Цэнджав, найруулагч Н.Болд нар онцгойлон тэмдэглэж үнэлж буйгаа хэллээ. "Тэнгэр хүлэгтэн" туужсын ном нь түүхэн туужийн уралдаанд шалгарсан бүтээлээс бүтсэнээс гадна уншигчдын хүсэлтээр хэвлүүлсэн нь ч онцлогтой аж. "Хаан цадиг", "Хатан цадиг", " Жанжин цадиг" гэсэн гурамсан бүтээлд

Д.Цэнджав, С.Оюун, Б.Ойдов, Д.Төрбат нарын зохиол багтжээ. Эдгээр бүтээлийг 30 гаруй хүний нөр их бүтээлч ажиллагааны хүчинд бүтсэнийг Д.Гүн-Үйлс онцолсон бол "Төрийн хийж чадаагүй ажлыг ганц залуу бүтээлч хийж чадлаа" хэмээн мэргэжлийн зохиолч, судлаачид нь үнэлэв. Мөн найруулагч Н.Болд "Энэ жил Өгөдэй хааны мэндэлсний 830 жилийн ойг тэмдэглэхэд хүн бүрийн оролцоо, дэмжлэг чухал. Хамтаараа энэ хааныхаа ойг тэмдэглэе" гэсэн уриалга гаргалаа. 

Ж.Батсайхан  

Связанные новости