Сумдын сургууль, цэцэрлэгүүд өр ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 19:52:30

Сүхбаатар аймаг 58 мянган хүн амтай. Үүний 30 гаруй хувь нь буюу 18000 гаруй  иргэн боловсролын салбарт ажилладаг. Хамгийн их хүн хамрагддаг томоохон салбар юм. Өнөөдөр тус аймгийн боловсрол, соёлын салбарын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн боллоо.

Арван гурван сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв, музей, нийтийн номын сангийн дарга эрхлэгчид энэ зөвлөлгөөнд хүрэлцэн иржээ.

Аймгийн БСГ-ын дарга Л.Байгалмаа хэлэхдээ: “Боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Ажиллах, сурч боловсрох нөхцөл боломж бүрдлээ. Одоо хамгийн гол нь боловсролынхоо чанарыг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр анхаарах нь чухал байна” гэлээ.

Сүхбаатар аймгийн хувьд болосвролын салбарын хөрөнгө оруулалт, барилга байшингууд нэлээд баригдсан. Хөдөө сумд болоод аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн хүрэлцээ нэг үеээ бодвол сайжирсан. Анги танхимыг тохижуулах болон бусад шаардлагатай зүйлүүдийг багш ажилчид болон эцэг эхчүүд өөрсдийн нөөц боломжоор бүрдүүлэх хэрэгтэйг  хэлж байна.

Мөн энэ үеэр яригдсан нэг гол асуудал бол хөдөө сумдын сургууль цэцэрлэгүүдийн өрний асуудал байлаа. Цэцэрлэг, сургуулийн  хүүхдийн хоол, сургуулийн халаалт дулаан, шатахуун гээд байгууллага хоорондын өр нэлээд үүсчээ. Жишээ нь: Дарьганга сумын ЕБС 416 хүүхэд, 47 багш ажилчидтай. Өнөөдрийн байдлаар түлш халаалтын дөчөөд сая, шатахууны 4 сая гаруй төгрөгийн өртэй байгаа гэдгийг сургуулийн захирал Урансайхан хэллээ.

Ийм асуудалтай газар хаа сайгүй байгаа ч сургалт хүмүүжлийн ажил цалгардах ёсгүйг санууллаа.

Т. Одончимэг

 

Связанные новости