Ломбардны үйл ажиллагааг зохицуулах хуулийг нэн яаралтай хэлэлцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-26 13:04:27

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэлээ. 

Банк, санхүүгийн байгууллагууд зээл олгохдоо өндөр шаардлага тавьдаг, олон төрлийн баримт бичиг шаарддаг, зээлийн судалгаанд хугацаа их зарцуулдаг зэрэг нь иргэдэд хүндрэлтэй байдгаас зах зээлд ломбард буюу барьцаалан зээлдэх газрын эрэлт, хэрэгцээ байсаар байна. Гэвч энэ үйл ажиллагааг эрхлэгчдэд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоогоогүй, барьцаалан зээлдүүлэгчийн хөрөнгө, олгож буй нийт зээлийн хэмжээ тодорхойгүй, уг үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь ажиллагаа эрхлэгчид татвар төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Мөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны талаар иргэдээс Хүний эрхийн комисс болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ломбардууд иргэдийн хөрөнгийг бага үнээр барьцаанд авдаг, барьцаалсан эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал хангалтгүй, хүү болон хугацааг дураараа тогтоодог, барьцааны хугацаа дуусахад барьцаалсан эд хөрөнгийг борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй зэрэг гомдлыг гаргажээ. Иймд ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад байна.

Хуулийн төслүүдэд Санхүүгийн зохицуулах хороо нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллага эрхлэх журмыг батлахаар тусгажээ.

 

Связанные новости