Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-26 19:29:25

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. 

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 10.9-т “Компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөлийн санал болгосноор Засгийн газар томилж чөлөөлнө” гэж заасан нь Компанийн тухай хуулийн 76.1.8-д заасан компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэх тухай зохицуулалттай зөрчилддөг.

Энэхүү төсөл батлагдсанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж, компанийн удирдлагын зөв бүтцийг Компанийн тухай хуулийн ерөнхий агуулга, зарчим, зохицуулалтын дагуу бүрдүүлж, компанийн ашгийн төлөө, хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломж бий болох юм. Товчдоо бол, уг нэмэлт өөрчлөлтөөр компанийн удирдлагын асуудлыг зохих түвшинд нь шийднэ гэсэн үг юм. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд гишүүд 68.6 хувиар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Б.Туул

Связанные новости