Алслагдсан бүсэд 50-90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-26 21:14:58

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдааны төгсгөлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийн танилцуулгадаа, "Аймгийн төв нь 600 км-ээс хол алслагдсан Баянхонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай Увс, Ховд аймагт байнгын үйл ажиллагаа явуулан, 3-аас доошгүй ажлын байр бий болгосон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан ААН-ийн төлөх орлогын албан татварыг 600 км-ээс дээш алслагдсан бол 50 хувь, 1000 км-ээс дээш алслагдсан бол 90 хувь хөнгөлж, 3 жилийн хугацаанд дагаж мөрдөхөөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан" гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86.6 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Б.Туул

Связанные новости