Ливид “Лалын улс”-тай тэмцэх цэргийн ажиллагаа эхлүүлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-27 10:22:44

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ болон тус улсын холбоотнууд Ливи улсад террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх цэргийн ажиллагааг хэдэн долоо хоногийн хугацаанд эхлүүлж магадгүй байна. Энэ тухай Америкийн “The New York Times” сонины цахим хувилбарт мягмар гарагт гарсан нийтлэлд дурджээ.

Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Африкийн энэ улсын талаарх тагнуулын мэдээллийг Пентагон урьдынхаас илүү их хэмжээгээр хэдийн цуглуулж эхэлсэн байна.

Их Британи, Франц, Итали улс Вашингтонд дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна гэж тус сонинд тэмдэглэжээ. “The New York Times” сониныхны тооцоолсноор, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газар цэргийн ажиллагаатай холбоотой эрсдэлийн талаар Конгресстой зөвлөлдөлгүйгээр “Лалын улс”-тай тэмцэх гурав дахь фронтыг нээхээр” төлөвлөж байна. Ливид өсөн нэмэгдэж байгаа “Лалын улс”-ын нөлөөг цэргийн арга замаар дарах хэрэгтэй гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Жозеф Данфорд энэ сарын 22-нд Францын нийслэл Парис хотод сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Тэрбээр мөн тус бүлэглэл Африкт явуулж буй үйл ажиллагаагаа Ливи улсаас удирдахаар төлөвлөж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Олон улсын зарим ажиглагчийн мэдээллээр, одоогийн байдлаар “Лалын улс”-ын 3000 орчим босогч Ливийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Д.Жаргал

 

Связанные новости