Монгол Улс махны экспортоо хөгжүүлэхээр мөнгө зарцуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-01-27 11:21:46

ЛОНДОН. /GlobalMeat/. Ази болон Орос улс руу хийх махны экспорт 300 сая доллар хүрэх боломжтой гэж Монголын махны холбоо үзэж байна

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн саяхан хийсэн мэдэгдлээс үзвэл, Монгол Улс ойрын жилүүдэд Орос, БНСУ болон Хятад улсад гаргах махны экспортын хэмжээг нэмэхээр зорьж байна.

Р.Бурмаагийн хэлснээр, тус улс энэ жил махны экспортоо хөгжүүлэхэд 90 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ.

“2014 онд, Монгол Улс Оросын зөвхөн ганц бүс нутагт мах экспортолж байсан. Харин одоо ОХУ-ын найман бүс нутагтай гэрээ байгууллаа. Мөн бид Хятад болон БНСУ-д нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхээр зорьж байна” гэж тэрбээр хэлжээ.

“Орос улсын үхрийн махны импортын 80 хүртэлх хувь нь Латин Америкаас орж ирдэг. Хэдий тийм ч Монгол Улс Оростой илүү ойр байрлалтай, тиймээс тус улстай хамтран ажиллавал илүү ашигтай байх боломжтой. Уралын компаниудын хувьд Монголтой хамтран ажиллахад ложистикийн хувьд илүү таатай байна” гэж Оросын махны холбооны тэргүүн Мушэх Мамиконян хэлсэн байна.

Урьд нь Монголын махны холбоо улсаа Ази болон Орос улсад жилд 600 тэрбум төгрөгийн (300 сая доллар) экспорт хийх боломжтой гэж тооцоолж байсан. Орос улсад нийлүүлэлтийг жилд 100 мянган тоннд хүрэх боломжтой гэсэн Азийн зах зээлийн урьдчилсан таамгийг хараахан тооцож үзээгүй байна гэж тэрбээр нэмж хэлэв.

Био аюулгүй байдлын асуудал

“Орос улсад гаргах ийм хэмжээний махны нийлүүлэлт нь импортын урсгалыг төрөлжүүлэх сайн алхам болох боломжтой. Бэлчээрээр өсгөж үржүүлэх нь махыг өөх багатай байлгах бөгөөд энэ нь Монголын бүтээгдэхүүнд тавигдах хүнсний эрүүл ахуйн шаардлагад эерэг үнэлгээ болох юм” гэж Мамикония нэмж хэлжээ.   

Гэсэн хэдий ч, зарим ажиглагч Монголыг био-аюулгүй байдлын асуудлаа бүрэн шийдээгүй байгааг сануулсан байна.

“Монгол Улс бол хангалттай том нутагтай, зэрлэг амьтад болон халдвар ихтэй газар юм. Бэлчээрийн маллагаа халдвар тархах өндөр эрсдэлтэй байдаг” гэж Оросын махны холбооны мал аж ахуй болон мал эмнэлгийн хэлтсийн дарга Евгений Лапинский хэлсэн байна.

Х.Сарнай

 

Связанные новости