Гурван эмнэлэгт Австрийн 21 сая еврогийн төсөл хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-01-27 11:39:23

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улс /БНАУ/-ын Засгийн газрын санхүүгийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд ХСҮТ, ЭХЭМҮТ, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт нийт  21 сая евро буюу эмнэлэг тус бүрт долоон сая еврогийн санхүүжилттэй төсөл хэрэгжиж байна.

Уг төсөл нь Монгол Улсын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн орчин үеийн технологийг нэвтрүүлж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой.  Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “Вамед Инженеринг” компанийн удирдлагууд өчигдөр Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатартай уулзлаа.  

Энэхүү төсөл нь 2016 онд тоног төхөөрөмж нийлүүлэлт болон эмч мэргэжилтнүүдийн сургалтыг хийж дуусгах төлөвлөгөөтэй. Гэвч ХСҮТ-ийн барилгын ажил дуусаагүй байгаа тул тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт хийж дуусах хугацаа 2017 он хүртэл хойшлохоор байна. Энэ төсөл нь эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжиж байгаа төслийн нэг бөгөөд хэрэгжилтийн үр дүнгээ өгч эхэлж байна. Төсөл хэрэгжсэнээр гурван эмнэлэг сүүлийн үеийн чанартай тоног төхөөрөмжөөр оношилгоо, эмчилгээ хийх боломж бүрдсэн төдийгүй өвчтөнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний орчин сайжирна хэмээн  сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар  онцолсон юм.

Тэрбээр цаашид тус компани тоног төхөөрөмжийн баталгаат засвар, хэвийн үйл ажиллагаанд анхааран, туслан гүйцэтгэгч компаниудад хяналт тавьж ажиллах шаардлагатай байна. Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний сургалтыг холбогдох инженер, техникийн ажилчдад хийх, болон сэргээн засах эмчилгээний тоног төхөөрөмжийн эмнэлзүйн арга, аргачлал сургалт хийх асуудалд анхаарч ажиллахыг  компанийн удирдлагуудаас  хүслээ.  

Связанные новости