Унгар, Монголын компаниуд 40 орчим сая долларын гэрээ байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-27 12:15:47

БУДАПЕСТ. /Bbj/. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны Монголд хийж буй айлчлалын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 40 орчим сая долларын гэрээ байгууллаа гэж Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сияяарто мэдэгдэв.

Хэдэн арван жилийн өмнө Унгарын компаниудын байгуулсан, мал эмнэлгийн вакцин үйлдвэрлэдэг Монголын хамгийн том эмийн компанийг Унгарын компаниуд шинэчилнэ гэж тэрбээр Улаанбаатар хот дахь сэтгүүлчдэд мэдэгджээ.

Мөн тэрбээр, дэлхийн амжилттай хөгжиж байгаа орнууд дунд Унгар, Монгол орж байгаа бөгөөд хоёр улс ирээдүйд цэцэглэн хөгжих болно гэж бизнес форумын үеэр мэдэгдсэн байна.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, манай орон байгалийн баялаг арвинтай бөгөөд үүнд шаардлагатай технологиуд Унгарт байна. Тиймээс хоёр улсын хамтын ажиллагаа үр өгөөжтэй байж болох юм гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Связанные новости