Мөргөлдөөний бүсэд буй 8 сая гаруй хүүхдэд боловсрол олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-01-27 13:39:04

НҮБ. /RIA Novosti/. Мөргөлдөөн болон хямралын нөхцөлд амьдарч байгаа 8 сая гаруй хүүхдэд энэ жил боловсрол олгох боломжтой бөгөөд тэдний тал гаруй  хувь нь Сирийн хүүхдүүд байх аж. Ийм зорилтыг НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/ тавьжээ.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2.8 тэрбум доллар шаардлагатай бөгөөд ЮНИСЕФ-ийн мэргэжилтнүүд энэ онд цуглуулна гэж найдаж байгаа аж. Одоогийн байдлаар дэлхийд 24 сая орчим хүүхэд сургуульд явж чадахгүй байна.

“Боловсрол эзэмших боломжтой хүүхдүүдийн тоог ЮНИСЕФ энэ жил 2015 оны эхэн үеийн байдлаарх 4.9 саяас үлэмж нэмэгдүүлж, 8.2 сая болгохоор төлөвлөж байна. Энэ хүүхдүүдийн 5 сая нь Сирийн хүүхдүүд байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик Хүүхдийн сангийн Женевт хийсэн мэдэгдлээс иш татан уламжилжээ.

Дээр дурдсан мөнгөний бараг 25 хувийг хямралын нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд боловсрол олгоход зарцуулахаар төлөвлөж байна. НҮБ-ын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, 2016 онд 43 сая хүртэл хүүхдэд янз бүрийн дэмжлэг шаардлагатай.

НҮБ-ын боловсролын асуудал хариуцсан комиссын мэдээлснээр, өдгөө мөргөлдөөний бүсэд амьдарч байгаа 24 сая орчим хүүхэд сургуульд явж чадахгүй байна.

Д.Жаргал

 

Связанные новости