Сонгуулийн мандат нэмэхийг эсэргүүцэж жагсана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-01-27 15:54:37

Сонгуулийн хөдөө орон нутгийн мандатыг хасахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж “Завхан эв нэгдэл” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүний мандатын тоог зөвхөн хүн амын тоонд харьцуулан тогтоож, орон нутагт 22 гишүүн буюу 29 хувь, нийслэлд 54 гишүүн буюу 71 хувь байхаар ярьж байгаа нь ард иргэдийн эрх ашгийг ноцтой хөндөж байна гэж мэдэгдэв. Энэ нь орон нутгийн ард иргэдийг хэт гадуурхсан шинжтэй байгаа бөгөөд цаашлаад орон нутгийг хөгжүүлэх бодлого хаягдаж, хөдөөгийн хөгжил тэр дундаа хөдөө аж ахуй болон газар тариалангийн хөгжилд сөрөг нөлөөтэй. Мөн төвлөрлийг сааруулах Төрийн бодлоготой зөрчилдөж байна гэж “Завхан эв нэгдэл” ТББ-ын Тэргүүн Л.Батсайхан хэлэв.   

Мөн “Завхан аймаг нь 24 сум 114 баг 82,455 км2 газар нутагтай бөгөөд манай нутгийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүн нь сонгогчдын санаа бодлыг төрд хүргэх, төрөөс гаргасан шийдвэрийг ард олонд хүргэж таниулах үндсэн үүргээ гүйцэтгэхэд маш хүндрэлтэй болгож тойргоо 100 хувь төлөөлөх чадамжгүй болгож байна. Ер нь дэлхий нийтэд мандатын тоог тогтоохдоо зөвхөн сонгогчдын тооноос гадна газар нутгийн байрлал, хүн амын нягтрал, хүрч очиход хүндрэлтэй газар нутаг тэнд амьдран суудаг сонгогчдын тоо зэргийг үндэслэдэг” гэв.

Тус ТББ-аас энэ талаар Уриалга хүргүүлж байгаа бөгөөд маргааш Төрийн ордны гадаа цуглаан зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдлээ.  

Н.Туяа

Связанные новости