Б.Бат-Амгалан: Газрын тосны хайгуулын хоёр цооног өрөмдөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 09:46:47

“Монголиа Гладвилл Увс Петролиум” ХХК-ийн Төсөл хариуцсан захирал Б.Бат-Амгалантай Увс аймагт хийгдэж байгаа газрын тосны хайгуулын ажлын талаар ярилцлаа.

-Газрын тосны хайгуул Увс аймагт хийгдэж байна. Тэгэхээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-2015 оны 4 дүгээр сард Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Монгол улсын Засгийн Газар "Увс 1 талбай"-д газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших, хайгуул эрхлэх тендерт шалгарсан "Монголиа Гладвил Увс Петролиум" ХХК-тай "Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ" байгуулснаар Увс аймгийн Малчин сумын нутагт 9 дүгээр сарын 12-аас эхлэн газрын тосны хайгуулын хоёр цооног өрөмдсөн. Нэгдүгээр цооног 1978 м, хоёрдугаар цооног 940 м гүнд хүрээд байна.

Сансраас хийсэн 3D скан болоод урьдчилан хийсэн тандан судалгаа, агаар сансрын геологийн хайгуулын дүгнэлтийг үндэслэн эхний таван цооногийг төлөвлөсөн бөгөөд дараа дараагийн цооногуудын байршлууд тогтоох зорилгоор өнгөрсөн оны эцсээр газрын гадаргууд соронзон хүчний хайгуулын ажил явуулж, мөн чулуулгийн дээжийг лабораторийн шинжилгээнд илгээн хариу хүлээж байна. Лабораторийн шинжилгээний эхний хариу удахгүй ирэх ёстой, саяхан хийгдсэн соронзон хүчний хайгуулын үр дүн гарч, үр дүнд үндэслэсэн хайгуулын ажил цаашид үргэлжлэх юм. 

Увс, Ховд аймгийн нутаг бол геологийн тогтоцын  хувьд Зүүнгарын хотгор буюу сав газарт хамрагдан, хамгийн зүүн хэсэгт нь оршиж байна. Зүүнгарын хотгорын баруун талаас нь буюу БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ховог Сайрын нутгаас Зөвлөлт-Монголын геологийн экспедиц 1955 онд БНХАУ-ын газрын тосны том нөөцийг олж тогтоосон байдаг. Тэр цагаас хойш өдийг хүртэл Карамай буюу монголоор Хар Тосон хэмээх нэртэй хагас сая хүн амтай, аж үйлдвэржсэн орчин үеийн хөгжилтэй хот цогцлон боссон байдаг. Ингэхлээр газрын тосны салбар нь ямарваа нэг орны хөгжлийн чухал хөдөлгөгч салбар хүч нь юм гэж ойлгох хэрэгтэй. Газрын тосны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бидний хайгуулын ажил үр дүнгээ өгвөл Увс-1 талбайд томоохон хэмжээний нөөц тогтоогдож цаашид манай аймагт их хэмжээний хөрөнгө оруулалт нэмэгдэж тухайн бүтээн байгуулалтын ажлыг дагасан ажлын байр шууд болон шууд бусаар нэмэгдэж хөгжил цэцэглэлтэнд хүргэнэ гэсэн байдаг. Гэхдээ бүх зүйл хайгуулын ажлын үр дүнд тодорхой болох ёстой.

-Газрын тосны хайгуул хийхэд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө хэр байдаг вэ?

-Хүмүүс газрын тосны хайгуулын ажлын талаар тодорхой ойлголтгүй байдаг. Газрын тосны өрмийн тоног төхөөрөмж байрлуулах хайрга дэвссэн талбайн хэмжээ 30x75 метр, цооногийн диаметр нь 21,5 см байдаг тул ийм хэмжээний нүх гарган газрын гүн рүү өрөмддөг бөгөөд олборлолтын ажил эхэлсэн тохиолдолд бусад ашигт малтмал, тухайлбал, цэнгэг устай гол нуур дагасан алтны шороон орд, нүүрсний уурхайн нэгэн адилаар маш их хэмжээний хөрс хуулалт овоолго хийж, газрын хэвлийд өөрчлөлт оруулж, агаарт их хэмжээний тоосжилт үүсгэхгүй, байгальд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатайгаараа бидний хайгуулын ажил давуу талтай.

Газрын тосны хайгуулын ажлыг эхлүүлэхийн өмнө байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах эрдэмтэн шинжээчдийн судалгаа, дүгнэлт боловсруулж, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн компани тайлан гаргаж ажилласан бөгөөд тус бүс нутагт хийсэн судалгаагаар газрын гүний усны нөөц нь 300 метрээс хэтрэхгүй байгааг тогтоож, өрөмдлөгийн ажил явуулахдаа уст үе давхаргыг хамгаалах зорилгоор 0-314 метр бэхэлгээний яндан суулгаж, өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэсэн болно. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланд хайгуулын тусгай зөвшөөрлийн орчмын талбайн ургамал, амьтан, хөрсөн бүрхүүл зэргийг судлан тооллого явуулж, өрөмдлөг хийх цэгүүдийн хооронд тоосжилт багасгах зорилгоор хайрган хучилттай сайжруулсан зам засч, шаардлагатай үед услах гм зохих арга хэмжээнүүд авсан.

"Увс 1" талбай бол харьцангуй сүүлд судлагдаж эхэлсэн, 8 жилийн хугацаатай энэхүү төсөлд эрэл судалгаа, хайгуулын ажил, мөн тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт ихээр шаардагдана гэдгийг хэлэх нь зүйтэй байх.  

-Таныг аймагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ихээхэн судалж, бас тодорхой төсөл хэрэгжүүлэх санаа дэвшүүлж байгаа гэж сонссон?

-Зөвхөн нэг аялал жуулчлалын бааз байгуулснаар хязгаарламгүй байгаа юм. Бидний одоо хийж байгаа төсөл, төсөөллөөр бол аялал жуулчлалын нэгдүгээр буюу жижиг тойрог нь Улаангом хот, Дэглий Цагаан олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Увс, Хяргас, Айраг, Шаазгай, Ачит, Үүрэг нууруудыг холбосон байхаар, хоёрдугаар буюу дунд тойрог нь Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг хамарсан, том буюу гуравдугаар тойрог нь БНХАУ-ын ШУӨЗО, Казакстан, ОХУ-ын Алтайн БНУ, Красноярск, Тувагийн БНУ-уудыг хамруулсан байх юм. Энэхүү төслийн санаа зорилго нь одоо хэрэгжиж буй "Алтай бидний гэр" хэмээх олон улсын төслийн шинж хэлбэртэй, зөвхөн аялал жуулчлал бус худалдаа, эдийн засаг, зах зээлийг зөв хуваарилалтанд оруулан "Бүс нутгийн түншлэл" бий болгож ажиллах нь бидний хөгжлийн гарц гэж харж байгаа.  

Аялал жуулчлалыг өрөөсгөл хараад хэрэггүй, "хэд хэчнээн жуулчин ирэх юм бэ?", "эрсдэлтэй, ашиггүй" гэж хараад, яриад байхийм бол тийм л итгэл үнэмшил, бас хандлага бидэнд бий болно. Харин энэ салбарыг угсаатны зүйн талаас нь баяжуулан харж, салбар бүртэй холбогдуулан хослуулан хөгжүүлж чадах эсэх нь бидний оюун тархины чадал, зохион байгуулах, бүтээх, уриалах чадвартай холбоотой асуудал юм. 

-Удахгүй сар шинэ болох гэж байна. Увсчууддаа хандаад юу гэж хэлэх вэ?

-Энэ жил нутагтаа иргэний харьяаллаар шилжиж ирээд, сар шинийн баяраа угтах гэж байна. Мичин жилийн өвөл, хавар нүүдэлчдийн амьдрал ахуйд амаргүй байдаг боловч манай хөдөлмөрч, малч түмэн энэ хаврыг өнөтэй тарган угтана гэдэгт итгэлтэй байна. Удахгүй гарах цагаан сарын мэндийг нутгийн ахан дүүстээ хүргэж, эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ерөөе өө. Алслагдсан бүс нутагтаа, байгалийн болон хөдөө аж ахуйн гаралтай ашигт малтмал, түүхий эдээ зүй зохистой ашиглан, зах зээлийн нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж, сайхан амьдрах боломж бидэнд бий гэдэгт би эргэлздэггүй. Нутгийн зон олон, ах дүү, найз нөхөд минь сайхан шинэлээрэй.

-Танд баярлалаа.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Связанные новости