Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-28 16:26:18

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг зөвшилцөв.

Ерөнхийлөгчөөс энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Зарим элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудалд БНХАУ суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганхуяг, БНАСАУ-д суух Элчин сайдаар Сүрэнгийн Цоггэрэл, Унгар улсад суух Элчин сайдаар Зэнээмядарын Батбаяр, БНИтали улсад суух Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдорж нарыг тус тус томилох саналыг УИХ-д ирүүлсэн юм. Эдгээр албан хаагчид нь мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй тул улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой хэмээн үзэв.

Мөн энэ асуудалтай холбогдуулан одоогийн Элчин сайдууд болох Ц.Сүхбаатар /БНХАУ/, М.Ганболд /БНАСАУ/, Т.Ганди /Унгар/, Ш.Одонбаатар /Итали/ нарыг эгүүлэн татах санал мөн ирүүлсэн юм.

Байнгын хороо Элчин сайд тус бүрийг хэлэлцээд санал хураалган дэмжсэнээр УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болов.

Мөн үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар Бүгд найрамдах Габон улс, Сент люси улс, Бүгд найрамдах Нигер улс, Бүгд найрамдах Камерун улс, Маршаллын арлуудын бүгд найрамдах улс гэсэн 5 улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Дараа нь нууцын зэрэглэлтэй асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн юм. 

Н.Гантуяа

Связанные новости