Баялаг бүтээгчдийн зөвлөгөөн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-28 22:22:34

Дундговь аймгийн Баялаг бүтээгчид анхдугаар зөвлөгөөнөө зохион байгуулахаар боллоо.

Өнгөрсөн намар 50 гаруй үйлдвэрлэл эрхлэгч оролцсон уулзалт хэлэлцүүлгийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Дундговь аймагт зохион байгуулсан юм. Тэр үеэр холбооны салбарыг Дундговь аймагт байгуулан, уулзалтад оролцогчдын олонхийн саналаар салбар холбооны тэргүүнийг сонгосон. Уулзалтад аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ оролцохдоо, 2016 оныг Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгохоо хэлсэн бөгөөд энэ оны хамгийн эхний захирамжаараа эл шийдвэрээ баталгаажуулжээ.

Ийнхүү баялаг бүтээгчдийн дэмжих жилийн эхний ажил болгож энэхүү  зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон бөгөөд зөвлөгөөнөөр баялаг бүтээгчдэд ямар гол дэмжлэгийг чиглүүлэх хэрэгтэй байгаа талаар тэдний санаа бодлыг сонсч,  ажлын төлөвлөгөөг гаргах юм байна.

Зөвлөгөөнийг хоёрдугаар сарын нэгний өдөр товлож, аймгийн ЗДТГ- тай Баялаг бүтээгчдийн дэмжих холбоо хамтран зохион байгуулахаар болжээ.

Т. Отгонтуяа

 

Связанные новости