Залуучуудыг дэмжих жилийн ажилд аймгаас 200 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:25:37

2016 онд зарласан “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөг батлахад залуучуудын санал бодол, тулгамдсан асуудлыг тусгах зорилгоор “Аймгийн Залуучуудын зөвлөлгөөн”-ийг энэ сарын 25-26-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд 350 гаруй залуус оролцож, санал хүсэлтээ илэрхийлэн сонирхсон асуултандаа аймгийн болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, хэлтэс, агентлагийн дарга нараас хариулт авсан юм.

Мөн “Залуучуудын талаар аймгийн хэмжээнд баримталж буй бодлого, цаашдын зорилт” сэдэв илтгэлийг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, “Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн ажлын төлөвлөгөө” илтгэлийг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээ” илтгэлийг Хөдөлмөрийн хэлтсийн дарга П.Пунсалмаа, “Аймгийн хөдөө аж ахуйн салбар дахь залуучуудын оролцоо, залуу малчдыг дэмжих бодлого” илтгэлийгп ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир, “Залуучуудын боловсролын түвшин, хүрэлцээ хангамж” илтгэлийг БСГ-ын дарга Ч.Самбуу-Ёндон, “Залуучуудын эрүүл мэнд, анхаарах асуудал” илтгэлийг ЭМГ-ын дарга Ч.Сэрчмаа, “Залуучуудын нийгэм дэх оролцоо, сэтгэлгээ хандлага” илтгэлийг Өвөрхангай Залуучуудын холбооны дарга дарга А.Цэрэнтогтох нар тавин, оролцогчдыг мэдээллээр хангалаа.

Залуучуудын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад анхаарал тавих, тэднийг нийгэмшүүлж, ажлын байртай байлгах, залуучуудад Монгол ёс заншил, уламжлалт арга барилыг өвлүүлэх, залуусын сэтгэлгээ хандлагад нөлөөлсөн ёс суртахууны сургалт лекцүүдийг сумдад зохион байгуулах, нийт залуусыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, жилийн зорилтот ажилтай холбогдуулан сар бүрийг нэрлэн тодорхой зорилготой ажиллах, залуучуудын сайхан ажиллаж, амьдарч байгаа тэргүүн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх, урлаг, спортын наадмыг зохион байгуулах зэрэг олон санал хүсэлтийг өгсөн юм.

Аймгийн удирдлагууд залуучуудаас дэвшүүлсэн санал хүсэлтийг бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлнэ гэдгээ амлалаа. Залуучуудыг дэмжих жилийн ажилд аймгаас 200 сая төгрөг зарцуулахаар болсон байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Связанные новости