Барилгын материалын итгэмжлэгдсэн лобораторитой болох бэлтгэл хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 23:08:39

Ховд аймгийн Газрын харилцаа Барилга Хот Байгуулалтын газрын дарга Д.Нямтулгатай уулзаж ярилцлаа.

-Танай байгууллага 2015 онд чамгүй олон ажил амжуулсан. Хийсэн гол гол ажлуудаасаа танилцуулахгүй юу?

-Хот байгуулалтын хувьд  2015 онд Ховд аймгийг 2030 он хүртэлх хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдэж, аймгийн ИТХ-аар дэмжигдэж 3-р сард экспертизээр батлагдсан. Засгийн газрын хуралдаанаар орж шийдэгдэнэ. Хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг  ерөнхийд нь  төлөвлөж бүсчилж, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд зайлшгүй хийх ёстой. Ерөнхий төлөвлөгөөгөөр бүсчилнэ гэдэг нь бүсчлэлийн  хэсэгт  орон сууцны хороолол байна гэдгийг ерөнхий төлөвлөгөөгөөр тогтоож хэдэн айлын орон сууц байх, хэдэн давхар барилга байгууламж баригдах, хэдэн барилга барих, зам хаагуур явах, барилгууд нь хаашаа харах зэрэг нарийвчилсан төлөвлөгөө нь хэсэгчилсэн төлөвлөгөөнд ордог. Хэсэгчилсэн төлөвлөгөөг аймгийн ИТХ-р батлуулснаар цаашид ажил хэрэг болж явах ёстой. 2015 онд манай байгууллага 2 хэсэгчилсэн төлөвлөгөөг хийлгэсэн. Шинэ суурьшлын бүсэд 29,2 га газарт хэсэгчилсэн төлөвлөгөө хийгдээд 5 сарын 28-ны аймгийн ИТХ-аар оруулсан.Шинэ суурьшлын бүсэд 1 га газар дээр хэсэгчилсэн төлөвлөгөөг хийлгэсэн. 2014 онд мөн 456 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдсан. Тухайн барилгад 456 айл байна гэсэн тоо тогтчихвол  цэвэр усны, дулааны хэрэглээ, гадна шугам сүлжээний ажлууд хийгдэнэ.

-Танай байгууллага барилгын сорилт шинжилгээний лабораторитой болох тухай яригдсан.Хэрвээ лабораторитой болчихвол ямар давуу тал бий болох вэ?

-2015 онд манай байгууллага барилгын чиглэлээр барилгын материалын сорилт шинжилгээний лабораторио итгэмжлүүлэхээр Стандарт хэмжил зүйн газарт  өргөдөл гаргасан. Монгол улсын хувьд сорилтын 101 итгэмжлэгдсэн лаборатори байдаг.Түүнээс    зөвхөн  5 барилгын материалын итгэмжлэгдсэн лаборатори байдаг. Үүний нэг нь Дарханы ШУТИС-н лаборатори, нөгөө 4 лаборатори нь Улаанбаатар хотод байдаг. Барилгын материалын итгэмжлэгдсэн лабораторт шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд бүх аймгууд хот руу явдаг. Хэрвээ манай лаборатори итгэмжлэгдвэл баруун бүсдээ тэр тусмаа хөдөө орон нутагт анхны итгэмжлэгдсэн лаборатори болох юм. Бид итгэмжлэгдсэн лабораторийн өргөдөл гаргаад Стандарт хэмжил зүйн газрын даргын тушаалаар ажлын хэсэг урьдчилсан үнэлгээг  хийсэн.Манай байгууллага итгэмжлэгдэх боломжтой, техник хэрэгслийн, бичиг баримтын хувьд хангалттай бүрдүүлэлт хийсэн. Маш өндөр шалгуурууд байна. MNS/ISО/IES17025 гэсэн стандартаар итгэмжлэгдвэл Олон улсад хүчинтэй. Ховд аймагт орж ирж ашиглагдаж байгаа барилгын материалуудыг манай лаборатори шинжлээд баталгаатай гэж үзвэл оруулах тал дээр гааль, хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллана.

-Газрын асуудал  зөвхөн хот дотор л ярьдаг. Гэтэл Монгол орны газар нутгийн 90 хувийг бэлчээр эзэлдэг. Бэлчээрт төлөвлөлт гэж бий юу?

- Монгол улсын газар нутгийн 80 орчим, Ховд аймгийн 90 орчим хувийг бэлчээр эзлээд байна. Ховд аймгийн 7,6 мян га газрын 90 орчим хувийг бэлчээр эзлэдэг боловч  газрын төлөвлөлт хийгдэж байгаагүй юм. 5 хүрэхгүй хувийг эзлэдэг хот тосгоны газарт л газрын төлөвлөлт хийгддэг.  Ногоон алт төсөл бэлчээрийг зөв зохистой ашиглах, бэлчээрийн талхлалтын бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ургамлын навчит хэсгийг 50 хувь хүртлэх хувийг мал идэхэд гэмтдэггүй.Харин 50 хувиас дээш идвэл үндэс нь гэмтээд цаашлаад ургамал сэргэх боломжгүй болдог. Ингэж талхлахгүйгээр сэргээх боломж байна гэдгийг иргэд, малчдад ойлгуулах зорилгоор ногоон алт төсөл ажилладаг. Ингэхийн тулд маш олон ажил хийгдэж байна.  Фото-мониторингийн аргааар  цэг олоод бэлчээр тус бүр дээр, хээрийн бүс, уулын бүс гэж ангилан тэр хэсгүүдээсээ нэг цэг сонгодог. Чандмань сум гэхэд 8 цэгтэй.Эндээсээ Фото-мониторингийн аргаар бэлчээрийн даацыг тодорхойлоод  нэгж квадратад байгаа ургамлын тоо, даацыг тодорхойлж,тухайн бэлчээр  хэдэн хонин толгойд тохирох даацтай байна гэдгийг тодорхойлсон.

-Бэлчээрийн даацыг тодорхойлоход малчид,иргэдийн оролцоог яаж тусгадаг юм бэ?

-Чандмань сумын Талын булаг  багт хэдэн хонин толгой мал өвөлжих, намаржих, зунших, хаваржих  боломжтой тооцоог нь эхлээд гаргадаг. Багийн иргэдийн хурлаараа хэлэлцээд  малчидтайгаа хуралдаж шийдвэрээ гаргадаг. Зун  6 сарын 20-н гэхэд зусландаа гарах хэрэгтэй.Тэгэхгүй бол бидний намаржаа, хаваржааны газрууд   талхлагдана  гэдгээ тодорхойлоод үүнийхээ дагуу бэлчээрээ зөв зохистой ашиглана. Ногоон алт төслөөс Чандмань сумын Талын булаг баг дээр судалгааны цэг байгуулсан. Энэ нь хааш хаашаа 100 м  талбайг торлоод  хамгаалсан. Нэг жилийн дараа талбай  сэргэлт авч байна. Манай Дуут, Чандмань сум бэлчээрийн төлөвлөлтөөрөө улсад түрүүлж Чандмань сумын тамгын газраас мал хөгжлийн тасгийн  даамалтай 5 хүн Орос руу аялах эрхээр шагнуулсан.

А.Бямбасүрэн

 


 

 

 

 

 

     

Связанные новости