ДОРНОД: Сүү, цагаан идээ бол хаягдал гардаггүй үйлдвэрлэл юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-21 19:09:27

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Олон жилийн турш найдвартай сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээгээр Дорнодынхондоо үйлчилж ирсэн “Найнги хүнс” ХХК уламжлалт аргыг орчин үеийн технологийн дэвшилтэй хослуулан үйл ажиллагаагаа явуулж байна.



Тараг, олон төрлийн ааруул, хурууд, масло, үзэмтэй аарц, цөцгий, шимийн архи зэрэг 10 гаруй төрлийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хэрэглэгчдэд хэдийнэ танигдсан үндэсний үйлдвэрлэгчдийн нэг юм.

Энэ үйлдвэр хоногт 4 тонн сүү боловсруулах хүчин чадалтай. Зуны дэлгэр цагт хоногт 2-3 тонн сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийнхаа зах зээлд нийлүүлэхээс гадна нийслэл, гадаадад суугаа монголчуудаас ирсэн захиалгыг ч хүргэдэг.


Үйл ажиллагааны дэс дарааллын хувьд хүлээж авсан сүүгээ лабораторидоо шинжилж, шаардлага хангасныг нь сүү хүлээн авах танканд хийнэ. Тусгай хоолойгоор халаах танк руу сүүгээ хийж машиндсанаар цөцгий, шингэн сүүг ялгаж авдаг байна. Ялгарсан цөцгийг ариутгаж савласнаар хэрэглэгчийн гарт очиход бэлэн болдог. Харин шингэн сүүг боловсруулан бусад төрлийн цагаан идээг үйлдвэрлэнэ. Үйлдвэр дотор сүүг автоматаар хөөсрүүлж, өрөм загсаадаг тогоонууд ч харагдана. Зуны цагт тус үйлдвэрийн шар сүүг ардын уламжлалт эмнэлэг, хүүхдийн сувилалд хэрэглэдэг. Энэ утгаараа сүү, цагаан идээ нь хаягдал гардаггүй үйлдвэрлэл юм. Хамгийн гол нь "Найнги"-ийн бүтээгдэхүүнүүд хадгалагч бодисгүй.



Сүү цагаан идээ бол монголчуудын уламжлалт хүнс юм. Кальциар баялаг, биед хялбар шингэдэг, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, дархлааг дэмждэг гэхчлэн олон талын ач тустай. 

28 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа тус компани цаашид сүү, сүүн бүтээгдэхүүнээ экспортод гаргах холын зорилготой. “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа шилдэг 35 үйлдвэрийн нэгээр шалгарчээ.





Хаврын тарчиг цагт зах зээлд үнээний сүүний нийлүүлэлт огцом буурдаг. Энэ үед “Найнги хүнс” ХХК дэргэдэх мал аж ахуйгаасаа сүүний хангалтаа хийхээс гадна малчдаас нэг литр сүүг 5000 төгрөгөөр худалдан авч байгаа ч сүүний эрэлт их, нийлүүлэлт бага байна. Энэ хаврын саруудад л гэхэд хоногт 100 гаруй литр сүүгээр цагаан идээ үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Тухайлбал, Дорнодынхны амтархан иддэг “Найнги” таргийг өдөрт 100-300 уутыг үйлдвэрлэж, долоо хоногт дэлгүүрүүдэд гурван удаа түгээлт хийж байна.


ХХААХҮЯ-наас зарладаг өвлийн сүүний урамшууллын зөвшөөрлийг “Найнги хүнс” ХХК авчээ. Эдний компанид сүүгээ тушаасан малчид сүүний урамшууллаа авах боломжтой. Сүү нийлүүлдэг 10-аад айлд компанийн ажилчид өөрсдийн санаачилгаар гурван өдрийн цалингаа хандивлаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна.


Ташрамд сонирхуулахад, Чойбалсан хотын иргэд жилд 8.2 сая литр сүү хэрэглэдэг бөгөөд үүний 78.4 хувийг дотоодоосоо хангаж байна. Энэхүү 8.2 сая литр сүүний 62.6 хувийг цай сүлэхэд, 10.7  хувийг хүүхдийн тэжээлд, 8.2 хувийг шууд уух байдлаар хэрэглэдэг. Нийт сүүний хэрэглээний 63.3 хувийг шингэн сүү, 19 хувийг савласан сүү, 17.5 хувийг хуурай сүү эзэлж байгаа юм.


Связанные новости