ДУНДГОВЬ: Сүүлийн 15 жилд 62 булгийн эхийг хашиж хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-22 16:57:18
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхий нийтээр Усны өдрийг тэмдэглэж байна. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.


2021-2022 оны Байгаль орчны төлөв байдлын үнэлгээгээр Дундговь аймгийн хэмжээнд 170 гадаргын ус буюу булаг, шанд, нуур тойром байна. Сүүлийн 5-10 жилд 40 гаруй булаг шанд, нуур ширгэжээ. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 4-5 гадаргын усны эх үүсвэр хатаж ширгэдэг бол 2022 онд хатаж ширгэсэн гадаргын эх үүсвэр байхгүй байна. Дээрх судалгаагаар тус аймгийн хэмжээнд гадаргын усны нөөц нь 0.12 км куб, газрын доорх усны нөөц 0.08 км куб, газрын доорх уст цэгийн тоо 3791 байна.


Дундговь аймгийн нутгаар дайран өнгөрдөг ганцхан гол байдаг нь Онгийн гол юм. Говь руу очдог гурван голын нэг болох энэ гол Хангайн нурууны зүүн өвөр хажуугийн Ногоон нуураас эх авч, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Улаан нуурт цутгадаг ба нийт 403 км урттай. Түүний 54 км нь Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумын нутгийг дамжин өнгөрдөг юм. БОАЖГ-аас усны нэгдсэн тооллогыг 4 жилд нэг удаа хийдэг. Хамгийн сүүлийн тооллогын ажлыг 2020 онд Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа гүйцэтгэж, тус тооллогоор 3507 худаг, 117 булаг, 18 нуур, 1 рашаан тоолуулжээ. Усны дараагийн тооллогыг 2024 онд хийх юм.


Мөн байгаль хамгаалах нөхөн сэргээх ажлын зардал болон улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр жил бүр булгийн эхийг хашиж, хамгаалах ажлыг зохион байгуулдаг ба 2008-2023 онд 62 булгийг хашиж, хамгаалаад байна.


Байгаль орчны захиргааны статистик судалгаагаар 2021 онд Дундговь аймгийн хэмжээнд нийт 9.7 сая метр куб ус ашигласны 0.9 сая метр куб усыг хүн амын унд, ахуйн хэрэгцээнд, 8.8 сая метр куб усыг үйлдвэрлэлд, 2022 онд нийт 7.5 сая метр куб ус ашигласны 6 хувийг хүн амын унд ахуйн хэрэгцээнд, 94 хувийг үйлдвэрлэлд ашиглажээ.

Связанные новости