ХӨВСГӨЛ: Арбулаг сумын иргэдийн ундны усны асуудлыг яаралтай шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-25 15:47:48

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газраас үүрэг болгосны дагуу улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг III Хөвсгөл аймгийн Арбулаг суманд ажиллалаа.    




Арбулаг суманд нийт 1200 өрхийн 4100 хүн ам оршин суудаг. Үүнээс 1010 малчин өрх энэ жил 414 000 малтай өвөлжсөн. Отроор 18 өрхийн 8877 мал өвөлжжээ.


Тус сум өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас туурайн зудад нэрвэгдээд байгаа. Цас харьцангуй бага байгаа хэдий ч газар бараан, мал идэх өвсгүй болсон байна. Сумын хэмжээнд нийт 7771 мал, оторт яваа 432 хорогджээ. 


Малын өвс, тэжээлийн дэмжлэг их хэрэгтэй байгааг сумын иргэд, малчид уулзалтын үеэр хэлж байлаа. Мөн сумын хэмжээгээр ундны усны асуудал хүндэрчээ. Учир нь сумын төвийн ундны усны худгийн труба тасарсны улмаас цооног зөрж, ундны ус тасалджээ. 


Сумын захиргаа, иргэд, малчдын санал, хүсэлтийг нэгтгэн, өвс тэжээл, малын сэг зэм устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх болон Арбулаг сумын ундны усны худгийн труба засварлах зэрэг тулгамдсан асуудлуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын баг газар дээр нь үзэж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ.


Мөн сумын удирдлага, иргэдээс тавьсан шаардлагатай хэд хэдэн асуудлыг улсын Онцгой комисс болон холбогдох яамдад уламжилж, шийдвэрлүүлэхээр болжээ.

 

Связанные новости