ТӨВ: Естийн халуун рашаан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-26 15:39:40

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Естийн голын хөндийд гидрокарбонат, карбонат натри, хүхэрт устөрөгчийн найрлагатай +34 хэмийн халуун рашаан байдаг. 

 

Тэрэлжээс хойд зүгт, Асралт хайрхнаас зүүн хойд чигт 35 км, Хагийн хар нуураас хойд чигт 25 км-т олон гол горхины бэлчир хөндийд, Естийн голын зүүн биеэр далайн түвшнээс дээш 1460 м-ийн өндөрт оршино.

 

Тус газарт дунджаар 30 хэмийн халуун рашаан байхаас гадна ходоод, дотор, элэг, цөс, бөөр, зүрх, мэдрэл, эмэгтэйчүүд, нүд, чих, хамарт тустай олон төрлийн хүйтэн рашаан байдаг.

 

Тэнд бурхан тахилын нэг жижиг байшин, дотроо 3 таславчтай халуун рашаан бүхий онгоцтой нэг том байшин, хажууд нь хүйтэн рашаан устай нэг жижиг байшин байдаг бөгөөд амрах, байрлах байр байдаггүй.

 

Эртний Хятадын Тан улсын судар бичигт Естийн рашааны анагаах увдисыг тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, нас уртсах, өнгө зүс сайхан болох, тархсан хор тайлагдах, яр шархыг анагаах, бөгтөр засрах, судасны өвчин, хөшингө ядаргаанд сайн нөлөө үзүүлдэг байна.    

 

Рашаанд 12 дугаар сарын 20-ноос 2 дугаар сарын хооронд өглөө эрт орох бөгөөд рашаанд орсноос хойш 21 хоног гам барьдаг.

Анхаарах зүйлс:


-Өвчиндөө тохирохгүй идээ ундаа хэрэглэхийг хориглоно. Тухайлбал, хүйтэн ус уух, биеэ угаах, нойтон чийгтэй газар байх, нимгэн хувцастай даарах, үдэш орой шингэхгүй идээ идэхийг хориглоно.

 

-Анх удаа орохдоо хүйтэн уснаас дамжин халуун рашаанд орох

 

-Рашаанаас гарахдаа дулаан хувцаслах

 

-Хөлс гарвал маш сайн.

 

-Халуун рашаанд 15 минут орох бөгөөд үүнээс удаан суувал даралт ихсэх, хууч өвчин сэдрэн хүндрэх эрсдэлтэй.


                                                                                             Байршил: Way: ‪yestiin khaluun rashaan‬ (‪605851650‬) | OpenStreetMap 

Связанные новости