Украины ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-03-27 11:51:58

КИЕВ, 2024 оны гуравдугаар сарын 27 /Reuters/. Украины Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Даниловыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Гадаад тагнуулын албаны дарга Александр Литвиненког томилсон тухай Ерөнхийлөгчийн цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн зарлигт дурджээ. 


Ийм халаа сэлгээг ямар шалтгаанаар хийснийг зарлигт дурдсангүй. А.Данилов 2019 оны 10 дугаар сараас буюу Ерөнхийлөгч Владимир Зеленский үүрэгт ажилдаа орсноос хойш хэдэн сарын дараа уг албан тушаалыг хашиж эхэлсэн юм.


Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл нь ерөнхийлөгчийн дэргэд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлыг зохицуулах үүрэгтэй. Зөвлөлийн бүрэлдэхүүнд тус улсын улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын удирдлагууд багтдаг.


В.Зеленский 2022 оны хоёрдугаар сард Оросын дайралт эхэлснээс хойш аюулгүй байдал, батлан хамгаалахын өндөр албан тушаалтнуудыг байнга сольсоор иржээ. Харин энэ оны хоёрдугаар сард Украины өндөр дээд албан тушаалын генералыг огцруулсан нь цэргийнхний дунд халаа сэлгээ хийж магадгүй гэдгийг харуулж байна.


Ерөнхийлөгчийн цахим хуудсанд мэдээлснээр, Олег Иващенког Гадаад тагнуулын албаны даргаар томилох ажээ.

 


Связанные новости