БУЛГАН: Бишрэлт гүн Д.Сундуйн адуучин Магсарын алдрыг мөнхжүүлсэн хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-17 16:37:50

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Бишрэлт гүн Д.Сундуйн адуучин, алдарт уургач Магсарын алдрыг мөнхжүүлсэн нэгэн хөшөөг Булган аймгийн төв цэцэрлэгт 1958 оны намар түүний хүү уран барималч Магсарын Мижир урлан бүтээжээ.


М.Мижир хэмээх уран барималчийн олон бүтээл байдгаас “Уургач” хэмээх морь уургалж байгаа хүний бахархал төрүүлэм хөшөө байдаг нь энэ юм.

 

Тэнгэрийн салхинаас өөр юу ч нуруун дээрээ гаргаагүй эмнэг хангалыг тогтоон уургалсан уургач эрийн дөрөө жийлт, уурга барьсан адуучин эрийн гарын шууны булчин, оч гэрэлтсэн нүүр царай, хөлс дааварласан дүр төрхийг илтгэсэн энэ хөшөө жинхэнэ  уургач эрийг харуулна.


 

Гурын суран хуйв нарийн хүзүүгээр нь орохуйг харсан уургач морь сурцаараа цахлан суухуйд адуучин эр уургын морьтойгоо хүч нэгтгэн хойш татах торгон агшныг тод томруунаар илтгэн харуулсан бүтээл болжээ. Монгол адуучин эрийн эр зориг, авхаалж самбаа, цог хийморийг түүхэнд үлдээсэн хосгүй бүтээл юм.

 


Сундуй гүний уургач намхан бахь биетэй “Шомбоон Магсар” гэж байжээ. Тэрээр өөрийн унаган адуунаасаа нэгэн уургач морь сургасан нь хожмоо нутаг орондоо “Шааман зээрд” гэх нэрийг олжээ.

 


Шомбоон Магсар, Шааман зээрд хоёрыг харсан хүн бүхэн шагшин магтаж хүүхэд залуучууд адууны бэлчээрт даган явж уургач эрийн яриа хөөрөөг ам дамжуулан ярьж, бүгд л уургач болох, уургын морьтой болох талаар ярилцдаг байсан гэлцдэг. Магсар гуайн уг гарал Завхан аймгийн Хоёр маргад уул нутгийн хүн юм.

 


Д.Төмөрбаатар гуай дурсамждаа, “...М.Мижир ах аавынхаа адууны эрдэм соёл төгс эзэмшсэнийг мэдэрч, түүнээс суралцахын зэрэгцээ Сундуй гүний уургач алдар цолыг хэрхэн олж авсан талаар судалж тэмдэглэсэн байдаг. Ааваараа бахархаж өссөн тэрээр олон дурсамж ярьдаг байсан. 1920 оны орчим Могодынхон Сундуй гүнд хандаж адуучдын отрын нутгаар юу болдог талаар ярьж гэнэ. Тэгээд “Та адуучдын нутгаар ирэхдээ сайн уургач, бугуйлчаа дагуулаад ирээрэй“ гэж дээ.        

 

Сундуй гүн өөрийнхөө адуучин “Шааман зээрд” морьтой “Шомбоон Магсар”-ыгаа дагуулаад очжээ. Өнтэй өвлийн өндөр борог өвстэй, арлан тарлан цастай, нэгэн сайхан өдөр таарч тэдний хэлдгээр “Адуучдын нутаг”-т морь уургалах, бугуйлдах бооцоо болж нутаг нутгаараа хуваагдан хамгийн сайнаа гаргаад л байж. Халхын уургач хэн бэ. Урагшаа гараарай гэхэд  "Шомбоон Магсар"  уургач “ Шааман зээрд” морьтойгоо гарч иртэл танихгүй сумдынхан “Давжаа морьтой, атигар биетэй энэ хүнээс өөр хүн олдоогүй юм байхдаа” гэж шоололдохуйд Сундуй гүн, за Магсар чи дуулав уу. Хүмүүс чамайг шоолж байна. Толгойг нь онохоо чи мэдээрэй. Морины чинь халтирахгүйг би даая гэж гэнэ. Ийнхүү ид хаваа гайхуулан алдарт уургач цолыг хүртжээ.


Связанные новости