Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-17 17:00:49

ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /BBC/. Их Британийн парламентын гишүүд 2009 оноос хойш төрсөн хүмүүст тамхи худалдахыг хориглохоор төлөвлөж байгааг дэмжсэнээр цаашдаа уг төлөвлөгөө хууль болон хэрэгжихэд нэг алхам ойртлоо.


Ерөнхий сайд Риши Сунакийн дэмжиж буй уг шийдвэр нь Консерватив намын нөлөө бүхий хэд хэдэн зүтгэлтэн, тэдний дотор хоёр Ерөнхий сайд асны эсэргүүцэлтэй тулгарсан хэдий ч дэмжигджээ.


Эрүүл мэндийн сайд Викториа Аткинс парламентын гишүүдэд хандан өөрсдийн төлөвлөгөөг хамгаалж хэлсэн үгэндээ “донтоход эрх чөлөө гэж байх ёсгүй” гэдгийг онцолсон байна. 


Тамхи, электрон тамхины тухай хуулийн төслийг 383-67 саналын харьцаагаар дэмжжээ. Хэрвээ хуульчлах аваас Их Британийн тамхины тухай хууль нь дэлхийн хамгийн хатуу хуулиудын нэг болно.


Их Британийн энэхүү төслийг өмнө нь Шинэ Зеландад танилцуулж байсан ижил төстэй хуулиас санаа авсан гэж үздэг бөгөөд тус улсад засгийн газар солигдсоны дараа уг хуулийн төслийг хүчингүй болгосон юм.


В.Аткинс Нийтийн төлөөлөгчдийн танхимд үг хэлэхдээ, энэхүү төлөвлөгөө нь тамхинаас ангид үеийг бий болгоно гэдгийг онцоллоо. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд асан Лиз Трасс зэрэг Консерватив намын хэд хэдэн парламентын гишүүн "хууль батлагдвал хувь хүний эрх чөлөөг хязгаарлана" гэж үзжээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд асан Борис Жонсон Канадын Оттава хотод болсон Консерватив намын бага хурал дээр үг хэлэхдээ тамхины хоригийг “галзуу солиотой алхам” гэж тодорхойлсон байна.


Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Лордуудын танхимд санал хураалт явуулах гэх мэт хэд хэдэн алхмыг хийх шаардлагатай боловч 2024 оны хоёрдугаар хагаст болох бүх нийтийн сонгуулиас өмнө уг төсөл хууль болон батлагдах магадлал бий.


Р.Сунак 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүст тамхи худалдан авахыг хориглох төлөвлөгөөгөө өнгөрсөн оны 10 дугаар сард танилцуулж байв.

 


Связанные новости