Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-04-18 15:21:06

НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /CGTN/. Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн прокурорын газраас Хятадын Үндэсний соёлын өвийн газрын төлөөлөгчдөд соёлын олдворуудыг хүлээлгэн өгөх ёслол Нью-Йорк дахь Хятад улсын Ерөнхий консулын газарт болжээ. 


Эдгээр олдворын ихэнх нь Мин, Чин гүрний үед /МЭ 1368-1911/ Хятадаас авчирсан Төвөдийн Буддын соёлын дурсгалууд байсан бөгөөд суварга, Буддагийн баримал, Буддын шашны гоёлын эд зүйлс, бусад олдворууд юм.


Зэс, зааны яс, модоор хийсэн, маш сайн хадгалагдан үлдсэн соёлын дурсгалт олдворууд нь түүх, урлаг, шинжлэх ухааны чухал ач холбогдолтой гэдгийг шинжээчид хэлж байна.


Хятад, АНУ-ын төлөөлөгчид 2009 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Хятадын соёлын олдворуудыг АНУ руу хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Улмаар санамж бичгийн хугацааг 2014, 2019 онд тус тус сунгасан байна.


2019 оны нэгдүгээр сарын 14-нөөс 2024 оны нэгдүгээр сарын 14-ний хооронд Хятадын соёлын дурсгалт 504 олдворыг 15 хэсэг болгон Хятадад буцаан өгчээ.


Санамж бичгийн хүчинтэй байх хугацааг энэ оны нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн гурав дахь удаагаа сунгаад байна.



Связанные новости