ХОВД: Зуучилсан иргэдийн 70 орчим хувь нь тогтвортой ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-26 14:58:07

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас холбогдох байгууллагуудтай хамтран Хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулж байна.

Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжих, ажил олгогч, ажилгүй иргэдийг холбох зорилготой "Ховд-Ажлын байр" хөдөлмөрийн өдөрлөгийг өмнө нь таван удаа зохион байгуулахад 3500 гаруй иргэн хамрагдаж, 1115 нээлттэй ажлын байр зарлаж, 340 гаруй иргэнийг ажлын байранд зуучилж байжээ.    

Ажлын байранд зуучлуулсан иргэдийн 70 орчим хувь нь өдгөө тогтвор суурьшилтай ажиллаж байна.

2024 он гарсаар эхний өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж, 300 гаруй иргэн оролцон зөвлөгөө мэдээлэл авлаа.  


Энэ үеэр барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй 53 ажил олгогч 477 ажлын байрыг нээлттэй зарлалаа.

Энэ удаагийн өдөрлөг нь нээлттэй ажлын байрыг танилцуулахаас гадна цагийн ажил хийх оюутан, залуусыг бүртгэж, шинээр ажлын байр бий болгоход ажил олгогчийн оролцоог нэмэгдүүлж байгаагаараа онцлогтой.    

Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд зургаа дахь удаагаа өрнөж буй тус өдөрлөгийн үеэр ажилгүй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн ур чадварын үнэлгээ буюу профайлинг хэмээх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний хэрэгслийг ашиглан үнэлгээ хийж, үнэлгээний дүгнэлтэд суурилан хөдөлмөр эрхлэлтийн чиг баримжааны зөвлөгөө өгч, ажлын анкет бичих зааварчилгаа, ажлын ярилцлагад амжилттай оролцох зөвлөмжийг үе шаттай түгээж байна.  

Ховд аймагт 15 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны 62 мянга гаруй хүн бий. Үүнээс 43 мянга нь ажиллах хүч, 19 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам юм. Тус аймгийн иргэдийн 47.2 хувийг эдийн засгийн идэвхтэй хүн ам эзэлж байгаа судалгаа гарчээ. 

Связанные новости