ХОВД: Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-30 12:55:12

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар тавдугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.


Харин хур тунадас олон жилийн дунджийн орчим байна.  

Тавдугаар сарын нэгдүгээр арав хоногийн эхээр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүсэж, ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байна.

Мөн нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн үе, гуравдугаар арав хоногийн эхээр дахин сэрүүсэж, нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур аажмаар дулаарч, олон жилийн дунджаас дулаан байна.

Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч, ширүүсэж болзошгүй гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Одоогоор Дуут, Дарви, Мөнххайрхан сумын нутгаар бэлчээрийн ургамал цухуйж эхлээгүй байна. Эдгээр сумын нутгаар хүчтэй салхи шуургатай, хөрсний чийг бага, шөнөдөө сэрүүн хонож байгаа юм.

Бусад сумын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын цухуйлтын үе шат эхэлсэн. Ургамлын өндөр нь 1-2 см байна. 

Связанные новости