БАЯН-ӨЛГИЙ: Япон Улсад ургадаг малын тэжээлийг туршилтаар тариална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-30 15:43:15

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан "MORA JA" группийн ТУЗ-ын дарга Д.Уранцэцэг, ТУЗ-ын гишүүн, МОРА агро парк төслийн зөвлөх агрономич Ёкозүми Ёшиюки, гишүүн Ц.Энхтайван болон бусад төлөөллийг энэ сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр Баян-Өлгий аймагт газар тариалангийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, цаашид орон нутагт нутагшуулж болох жимс жимсгэнэ, тэжээлийн ургамлын үр, сортын талаар санал солилцов.


Мөн Япон Улсад тариалдаг малын тэжээлийн ургамал болох цагаан хошоонгорын Сорго-1, Сорго-2 сортын үрийг тус аймагт туршилтаар тариалж, нутагшуулах судалгааны ажлыг хийхээр тохиролцлоо.


"Энэ удаад цагаан хошоонгор хэмээх малын тэжээлийн үрийг бага хэмжээгээр хүлээн авсан. Тухайн үрийг жижиг талбайд туршилтаар тариалж, манай аймагт ургах уу, ургац өгөх үү гэдгийг судлах гэж байгаа. Тус малын тэжээлийн ургамал нь Япон Улсын манайхтай адил сэрүүн уур амьсгалтай нутгуудад 2 метр хүртэл өндөр ургадаг, тэжээллэг чанар сайн, жилд 2 удаа ургац авах боломжтой юм байна. Хэрвээ туршилт амжилттай болбол төслийн байгууллагаас үр нийлүүлэх санал тавих, эсвэл худалдан авах асуудлыг хэлэлцэнэ" хэмээн аймгийн аймгийн ХХААГ-ын дарга Б.Нургулан хэлэв.   

Связанные новости