“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-05-01 10:13:39

ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 1 /BBC/. Америкийн шүүх дэлхийн хамгийн том крипто валютын биржийг үүсгэн байгуулагч Чанпэн Жаод гэмт хэрэгтнүүдийг уг платформ дээр мөнгө угаах боломжийг олгосон хэргээр дөрвөн сарын хорих ял оноожээ.


Ч.Жао өнгөрсөн 11 дүгээр сард “Binance”-ийн ерөнхий захирлын албан тушаалаасаа огцорч, АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруугаа хүлээсэн юм. 


Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэглэгчдэд хориг арга хэмжээг тойрч гарахад тусалсан нь тогтоогдсон тул “Binance”-д 4.3 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна.


Прокурорууд “Binance”-ийн захирал асанд гурван жилийн хорих ял оноохоор төлөвлөж байжээ. Сиэтл хотод мягмар гарагт болсон шүүх хурлын үеэр шүүгч Ричард Жонс хэлэхдээ, Ч.Жао компанийнхаа "хөгжил, ашгийг" АНУ-ын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөс дээгүүр тавьсан гэжээ.


“Binance” болон Ч.Жао хууль тогтоомжийг “санаатайгаар зөрчсөн нь” АНУ-ын санхүүгийн систем болон үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн явдал гэж АНУ-ын албаны хүмүүс өнгөрсөн 11 дүгээр сард мэдэгдэж байв.


“Binance” ашиг олохын тулд хуулиар хүлээсэн үүргээ умартсан бөгөөд түүний санаатай зөрчил нь платформоор дамжуулан террористууд, кибер гэмт хэрэгтнүүд, хүүхэд хүчирхийлэгчид рүү мөнгө урсгах боломжийг олгосон гэж Сангийн сайд Жанет Йеллен мөн мэдэгдэж байсан юм.


“Форбес” сэтгүүлийн мэдээллээр, “CZ” гэж нэрлэдэг Ч.Жао нь 33 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байна.


Үүний зэрэгцээ тус компанийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг хариуцдаг Тигран Гамбараяныг мөрдөн шалгах ажиллагаа Нигерид үргэлжилж байна. Тэрбээр Нигерийн шоронд хоригдож байгаа бөгөөд түүнийг мөнгө угаасан хэрэгт буруутгажээ.

Связанные новости