ТӨВ: Аймгийн хэмжээнд 1500 гаруй төрийн албан хаагч сонгуулиар ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-03 15:23:17

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хороо, Төв аймгийн сонгуулийн хорооноос сумдын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт өнөөдөр Зуунмод хотод сургалт зохион байгуулж байна.

 

Сургалтаар хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Сонгуулийн хороодын үйл ажиллагааны эрх хэмжээ, зохион байгуулах явцад анхаарах асуудлын хүрээнд нарийвчилсан арга зүйн зөвлөгөө өгөв.

 


Тухайлбал, Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж мажоритар тогтолцоогоор 78 хүнийг, пропорциональ тогтолцоогоор 48 хүнийг сонгох юм. Орон нутагт 7 тойрог байх бөгөөд Дархан, Сэлэнгэ, Төв аймаг нэг тойрог болж байна. Сонгогчдын хувьд манай тойрогт хэдэн хүн нэр дэвшиж байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй ба 10 хүнийг дугуйлж саналаа өгөх юм.

 

Төв аймгийн Сонгуулийн хороо есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Харин 27 сумын Сонгуулийн хороодыг тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бол сумдын Сонгуулийн хороо хуулийн хугацаанд хэсгийн хороодыг байгуулна. Ингэснээр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд аймгийн хэмжээнд 1500 гаруй төрийн албан хаагч ажиллах юм.

 

Связанные новости