Нийслэлийг 14 хотод хувааж, үйлчилгээг 20 минутад авдаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-03 17:38:17

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийв. 


Өнөөдрийн байдлаар манай улсад нэг саяас дээш хүн амтай хот нэг буюу Улаанбаатар, 70-110 мянган хүн амтай хот хоёр буюу Дархан, Эрдэнэт, 20-70 мянган хүн амтай хот 10, 10-20 мянган хүн амтай хот 8, 10-аас дээш мянган хүн амтай төвлөрсөн хот, суурин газар 27 болж, хотжилтын түвшин 70,7 хувьд хүрчээ. Хот суурин газрын хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил, бусад холбогдох аж үйлдвэрийн үйл ажиллагаа нэмэгдсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоонд томоохон өөрчлөлт орж, хотжилтын түвшин эрчимтэй өсөж хотын асуудлыг тухайлан зохицуулах, иргэдэд хотын үйлчилгээг хүртээмжтэй болгох шаардлага үүссэн байна. Иймд хотуудыг байгуулах замаар хотын төв руу орох шаардлагагүй буюу “20 минутын хот” болгохоор хуулийн төсөлд тусгасан аж.


“20 минутын хот” эрх зүйн цогц реформыг хэлэлцэж баталсанаар Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий, Шинэ Зуунмод хот, шинэ Хархорин, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг нийслэлтэй адилхан түвшний улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, бүсийн төвүүд, томоохон боомтууд улсын зэрэглэлтэй хот болох эрх зүйн боломж бүрдэнэ. Нийслэлийг 14 хотод хувааж, бие даан хөгжүүлнэ. Эдгээр хотод үйлчилгээг 20 минутын дотор авах их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох юм. Нийслэлийн 204 хороог 42 нэгж буюу орон нутгийн статустай хот болгож, төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг нэгж болгох эрх зүйн реформ хийхээр төлөвлөжээ.


Улаанбаатар хотын Бага тойруу дахь төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү шилжүүлнэ. Бага тойруу-Хөшигийн хөндий чиглэлийг дүүжин гүүр болон туннелиэр холбож, 20 минутын дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс “Чингис хаан” нисэх онгоцны буудалд шууд очдог болох гүүрэн байгууламжийн хөрөнгө оруулалтын асуудлыг мөн оруулж ирсэн байна. Уг гүүрийг “Өөдлөн тэмүүлэх Монгол” гэж нэрлэхээр Засгийн газрын шийдвэр гарчээ. 


Хуулийн төсөлд аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлэх, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчин бий болж, тээвэр, логистикийн нэгдсэн төвийг хөгжүүлснээр орон нутаг, бүс, олон улсын логистик болон дэд бүтцүүд сайжирч, орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх, нийслэлээс эргэж шилжин суурьших, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.


Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78,9 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.  



Связанные новости