Нийгмийн даатгалын орлого 249.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-06 09:59:02

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. НДЕГ-ын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний улиралд 1181 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 249.1 (26.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Ийнхүү өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 260.6 (32.7 хувь) тэрбум, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 11.4 (68.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.


Нийгмийн даатгалын сангийн зарлага дээрх улиралд 1127.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 220 (24.3 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 223.6 (27.2 хувь) тэрбум, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 1.7 (6.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв. Тэтгэврийн даатгалын сангаас энэ оны эхний улиралд 500.6 мянган хүнд 1045.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 16.3 (3.4 хувь) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 240 (29.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Ажилгүйдлийн тэтгэмжид оны эхний улиралд 6.2 мянган хүнд 26.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (20.3 хувь) мянган хүнээр багасаж, харин олгосон тэтгэмжийн хэмжээ 2 (8.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. 


Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний улиралд 55 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 144 (0.3 хувь) хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 53.3 тэрбум төгрөг болж 7.1 (15.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 59.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 27.7 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 12.3 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн юм. Нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны эхний улиралд 64.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 36.8 (2.3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2024 оны эхний улиралд 117.9 мянган хүн хамрагдсаны 51.9 хувь нь асаргааны, 48.1 хувь нь онцгой тохиолдлын, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагджээ.


Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд энэ оны эхний улиралд 97.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 13.4 (12 хувь) мянган хүнээр багасав. Энэ нь ХНХЯ хүнс  тэжээлийн  дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийг тодорхойлох журмаа өөрчилсөнтэй холбоотой аж.

 

Связанные новости