“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд тахианы махны хэрэгцээг дотоодоос бүрэн хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-07 15:24:20

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ажигана” ХХК-д ажиллалаа. Компанийн удирдлагууд “Оргио” тахианы үйлдвэр, эх сүргийн байр, өндөг дарж дэгдээхэй болгох инкубатор болон тахиа өсгөх бройлер цехээ танилцуулав.


Манай улс жилд 22 мянга гаруй тн тахианы махыг гадаадаас 50-60 сая ам доллароор авдаг бөгөөд хэрэглээ жил бүр 20 хувиар өсдөг статистик үзүүлэлт бий. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд бүх төрлийн дэмжлэг үзүүлснээр ирэх таван жилд тахианы махны хэрэглээг дотоодоос бүрэн хангана гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ.


“Ажигана” компани жилд 1,000 гаруй тн буюу дотоодын тахианы махны хэрэглээний таван хувийг үйлдвэрлэж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгон, бодлогын бусад дэмжлэг үзүүлж байгаа. Тус компанийн хувьд авсан зээлээрээ шинэ инкубатор суурилуулж /импортын татвараас чөлөөлөгдсөн/, тэжээлийн үйлдвэрээ өргөтгөн, хүчин чадлаа нэмжээ. Цаашид төхөөрөх цехээ автоматжуулж, автомат удирдлага, хяналтын систем нэвтрүүлэх, эх сүргийн хүчин чадлыг 50 хувь нэмэгдүүлэх, хоршоологчид болон тахианы аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, тахианы махны хэрэглээний 20 хувийг бүрдүүлэх зорилт тавиад байна.


Тус компани өнгөрсөн жилүүдэд улсын төсөвт 10 тэрбум төгрөгийн татвар төлжээ.


Связанные новости