Төрөөс үзүүлэх дэмжлэг шийдэгдэхгүй бол он дамжсан өр үүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:45:19

Өвөрхангай аймгийн ИТХ-аар аймгийн 2015 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2016 оны төсвийн төслийн тухай хэлэлцлээ.

Аймгийн 2015 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр орон нутгийн төсвийн орлогын 90,4 хувь нь төвлөрч, 111,6 сая төгрөг тасрах дүнтэй байна. Сумдын төсөвт орох орлогын төлөвлөгөө нийт дүнгээр 100,4 хувийн биелэлттэй байгаа ч албан татварын орлого, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуй эрхэлсний орлогын албан татвар, хог хаягдлын хураамжийн орлого тасарч, ойн баялаг болон агнуурын нөөц ашигласны төлбөр давж биелэн зарлагаа нөхөн санхүүжүүлэх тооцоо гарч байгаа аж.

2015 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн санд орлогын шилжүүлгээр 5,5 тэрбум төгрөг оруулахаар баталсан боловч улсын төсвийн орлого тасарснаас шалтгаалж 3,7 тэрбум төгрөг л төвлөрчээ. Сумдын Орон нутгийн хөгжлийн санд 3,3 тэрбум төгрөг олгохоор батлагдсанаас 2,2 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгосон ба 1 тэрбум гаруй төгрөгийг олгож чадахгүйд хүрээд байна.

Орон нутгийн төсвийн санхүүжилт 9 сараас эхлэн саатсан бөгөөд 12 сард төрөөс 1,4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Өвөрхангай аймагт үзүүлэх ёстой. Хэрэв энэ хөрөнгө шийдэгдэхгүй бол цалингаас бусад зардал буюу бараа үйлчилгээний бүх зардал нь он дамжсан өр үүсгэх эрсдэлд оруулж байгаа юм. Орон нутгийн төсвийн санхүүжилт саатсанаар нийгмийн халамжаар үзүүлэх төрийн үйлчилгээ 700 гаруй сая төгрөгөөр саатаж, иргэдэд бухимдал үүсгээд байна.

Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжиж буй БСШУ-ны сайдын багцаас 2015 онд 32,4 тэрбум төгрөг орохоор байсан ч ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын цалингийн сан оноос эхлэн 970 сая төгрөгөөр дутуу, үүний дээр 10, 11 сард олгох тогтмол, урсгал зардал, үдийн цайны төсөв  600 сая төгрөг дутуу ирснээр боловсролын салбар 1,1 тэрбум төгрөгийн өртэйгээр он дамжих болжээ.

Эрүүл мэндийн салбарт 6,7 тэрбум батлагдсанаас санхүүжилт бүрэн шийдэгдэж, өр, авлагагүй байна.

ИТХ-аас 2016 оны төсвийг батлахдаа орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 8,1 тэрбум, төсвийн байгууллагуудын өөрийн орлогыг 213 сая төгрөг,  зарлагыг нийт дүнгээр 14,3 тэрбум байхаар баталлаа. Аймгийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнө оруулалтыг 759 сая, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 2,6 тэрбум, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүжилтыг 5,5 тэрбум, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 8,1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тус тус баталлаа.

Мөн аймгийн Орон нутгийн хөгжлийн санд 4,4 тэрбум төгрөг олгохоос сумдын орон нутгийн хөгжлийн санд 2,6 тэрбум төгрөгийг шилжүүлэх юм. Энэ нь 2015 оны төсвөөс 1 тэрбум гаруй төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

2016 онд аймгийн ОНХС-ийн 1,777 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 4 чиг үүргийн дагуу 7 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн улсын төсвөөс аймгийн төсөвт 12,4 тэрбум төгрөг олгохоор болсон нь 2015 онтой харьцуулахад 2,4 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Связанные новости