top banner

Нэг намын шинэчлэл ба нийгмийн шинэчлэл


2017-04-03 12:00:45
Зураг

Ардчилсан нам бүх шатандаа шинэчлэгдэнэ гэж  ярьж байна.  Тус намын гишүүдийн хэлж, ярих нь олны нүдэн дээр ил тод байдаг. Гэхдээ л сөрөг хүчин байх тохиолдолд Ардчилсан намын гишүүдийн хоорондын яриа нийгэмд  хүчтэй байр суурь эзэлдэггүй.

Учир нь тэднийг эрх баригч байх үед нь дээрх чухал асуудлууд нь албан тушаалын төлөөх тэмцэл болон хувирдаг зуршилтай л даа. Ийм үйл явдал 1996-2000, 2012-2016 оны хооронд дээд цэгтээ хүрсэн, үр дүнд нь  Ардчилсан нам парламентын сонгуульд навс ялагдсан. Ялагдлын гол алдаа гишүүдээ сонсоогүйнх гэж намыг шинэчлэгчид энэ удаа үзжээ. Ийм алдаа дахин гаргахгүйн тулд тэд ийнхүү намаа бүх шатанд шинэчлэх аянд мордсон болов уу.

Бүх шатны  намын шинэчлэлийн анхны алхам нь намын даргын сунгаа байв. Таван хүн нэр дэвшин өрсөлдсөн сунгаанд С.Эрдэнэ олонхийн саналаар намын дарга боллоо. Сунгаа зарлаж сонгуулийн санал хураах  ажлын зардлыг нэр дэвшигчид босгож, тус намын Дотоод сонгуулийн хороо зохин байгуулав. Сонгуулийн хороо одоо Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүний сонгуулийг улс орон даяар зохин байгуулж байна.  

УИХ-ын гишүүн 76 тойргоос сонгогддог. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүний сонгууль яг энэ хэлбэрээр зохион байгуулагдана. Гэхдээ нэг тойргоос тав, нийт 380 гишүүн ҮБХ-д сонгогдох юм. Энэ таван гишүүнийг сонгох хэлбэр дотроо гурван өөр байна. Эхний гурав нь чөлөөт  суудал, энд намын гишүүдээс нас, хүйс харгалзахгүй нэрээ дэвшүүлнэ. Үлдсэн хоёрын нэг дээр нь зөвхөн эмэгтэйчүүд нэр дэвшин хоорондоо өрсөлдөнө. Нөгөө нь залуучуудынх учир хүйс  харгалзахгүй ч 39 нас хүртэлх гэж хязгаар тогтоосон аж. Харин сонгууль зохион байгуулж байгаа болохоор үйл ажиллагааны зардлыг  урьдын адил нэр дэвшигчид  мөнгө босгож бүрдүүлэх юм байна. 

ҮБХ-ны гишүүнд нэр дэвшигч тус бүр гурван сая төгрөгийн хураамж төлнө. Түүнээс гадна тэр хэмжээний дэнчинг бэлэн болгоно. Хураамж, дэнчингийн мөнгөний зориулалт тусдаа тул хоёр өөр дансанд байршуулна. Хураамж сонгуульд зарцуулагдана. Харин дэнчин бол ҮБХ-д сонгогдоогүй тохиолдолд тухайн эзэндээ буцаж очно. Сонгогдсон гишүүдийн хувьд дэнчингийн мөнгө татвар болон хувирна.

Энэ жишгээр 19 аймаг, нийслэл,нийслэлийн  гурван дүүрэг, 228 сумын намын хорооны дарга, хорооны гишүүний сонгууль  болно. Дунд, доод шатны сонгуульд нэр дэвшигчид  мөнгө босгоно. Гэхдээ шат шатанд босгох мөнгөний тоо өөр өөр байна.

Жишээ нь, Ардчилсан намын нийслэлийн дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд даргад өрсөлдөхөөр Д.Баттулга, Ш. Түвдэндорж нар өрсөлдөхөөр бүртгүүлж, тус бүр 90 сая төгрөгийн хураамж  төлсөн байна. Даргын хувьд дэнчин тавихгүй. Нийслэлийн намын хорооны гишүүнд нэр дэвшигчид хураамжаас гадна дэнчингийн мөнгө төлнө. Ардчилсан намын нийслэлийн намын хороо гэдэг нь НИТХ-ын 45 тойргоос нийт  225 гишүүн сонгогдоно.

Нийслэлийн намын хорооны тэрхүү суудалд  189 хүн нэр дэвших болзол хангажээ.  Тэд хураамж 1,5 сая, дэнчин 1,5 сая нийлээд гурван сая төгрөг намын дансанд байршуулна гэсэн үг.  

Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын даргад Г. Баярсайхан, Д. Алтанхуяг нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Тэдний хувьд тус бүрдээ 20 сая төгрөгийн хураамж төлсөн байна. Дүүргийн намын хорооны гишүүнд  нэр дэвшигчид хураамж 250 мянга, дэнчин 250 мянган нийлээд 500 мянган төгрөгийг зориулалт тус бүрээр нь намын  дансанд байршуулан өрсөлдөх эрхээ авчээ.

Дотоод сонгууль явуулах нийслэл,  төвийн гурван дүүргийн намын  дарга, хорооны гишүүдийн хураамж, дэнчин ийм байна. Харин  Налайх, Багануур, Багахангай  гэсэн алслагдсан дүүргийн намын дарга 10 сая, хорооны гишүүн 50 мянган төгрөг  бэлэн болгожээ.

Аймгийн намын дарга 15 сая, хорооны гишүүн 50 мянган төгрөг, сумын намын дарга 200 мянга, хорооны гишүүд хураамж 12 мянга, дэнчин 12 мянган төгрөг болон шат доошлох бүр хураамж дэнчингийн мөнгө бага болж байна. Дүүргийн хороо, сумын багийн үүрийн даргад нэр дэвшихэд  ямар нэг хураамж, дэнчингүй.

Дотоод сонгуулийн хороо бүх шатны намын дарга, хорооны гишүүнд нэр дэвшигчийн  хураамж, дэнчинг, тус бүрт нь зориулалтын дагуу нэг дансанд байршуулсан  гэж тус хорооны дарга Б. Ариунболд хэлэв.

Бүх шатны дарга, хорооны гишүүдээ дотоод сонгуулиараа шийдвэрлэж байгаа энэ үйлдлээ Ардчилсан намынхан  бид  намынхаа шинэчлэлээс  нийгмийн шинэчлэл рүү  хөл тавих юм гэж тайлбарлаж байна.  Нэгэнт нийгмийн шинэчлэлийг эхлүүлнэ гэж  үзэж, ийнхүү хүч тавин ажиллаж байгаа тул Ардчилсан намын дотоод сонгууль, түүний эргэн тойронд болж буй эдгээр үйл явцийг зөвхөн нэг намын шинэчлэл, нэг намын асуудал хэмээн хайхрамжгүй хандаж  болохгүй бололтой.

Г.Эрдэнэбат


Монгол брэнд