top banner
Шуурхай мэдээ

Туршилтаар ажиллах хугацааг 3 сараас илүүгүй байхаар хуульчлав


2017-04-21 13:09:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
 
Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажил олгогч нь шинээр ажилд орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр түүнийг тодорхой хугацаагаар цалин хөлсгүй ажиллуулдаг зөрчил гаргадаг ч энэ талаар ямар нэг хариуцлага хүлээдэггүй. Иймээс төсөл санаачлагч хуулийн төсөлд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуульд “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгажээ.

Хуулийн шинэ зохицуулалтаар ажил олгогч нь ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болох бөгөөд туршилтын хугацаа нь 3 сараас илүүгүй байхаар тусгасан байна. Мөн манай улсад Хөдөлмөрийн тухай хууль болон энэ талаарх бусад хууль тогтоомжид “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй учраас хуулийн төсөлд “Цагийн ажил” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгаж, тодорхой ажил гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байх, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар зохицуулжээ. Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг хүлээх, хэрэв хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол ажил олгогчид тодорхой хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Ингээд байнгын хорооны саналаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжиж баталлаа.

Сурталчилгаа
Монгол брэнд