Шуурхай мэдээ

Төр хурахын аманд зүр хурах цагаар...


2017-03-27 11:33:39
Зураг

Баасан, бямба гарагийн хоёр өдөр Батсайхан хүү сураг алдрав...?
Үүнийг зөвхөн фэйсбүүкийн хэсэг хүн анзаарснаас бус өөр бусад хүмүүн үл мэдсэн нь сайн хэрэг. 
Баасан гарагийн өглөө " Би өнөөдөр нэг юманд явлаа..." гэж биччихээд алга болсноос улбаатай. Энэ өдөр юу болов? Ийм тавхан үг биччихээд хаашаа явчихав?
Өглөө 8:30 цагт ХЗДХЯ-ны үүднээс "баривчлагдаад" ХСИС руу "ачигдлаа".
Тэндээ өдөржин тус сургуулийн харуул, хамгаалалтын дор ХЗДХЯ, ШШГЕГ, ХСИС гэхчлэн газрын хэвлэлийн ажилтнуудын хяналт дор " сахилгагүй" сэтгүүлчид хуулийн сургалтанд сууж, хуульчдын үгийг сонслоо!

ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Үнэнбат, ХСИС-ын тэргүүн дэд захирал, дэд комиссар Б.Бат-Эрдэнэ нар сургалтыг цагт нь нээж, залгаад Б.Үнэнбат дарга " Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Хууль зүй дотоод хэргийн салбарын анхаарал хандуулах асуудлуудыг " нүд нээгдэж, чих онгойтол" хэлж өглөө.

Түүний дараа ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох чиглэл, УИХ-аар хэлэлцүүлсэн хуулиуд, нэмэлт, өөрчлөлт оруулсан нөхцөл, шалтгаан зэргийг тун оновчтой, ойлгомжтой тайлбарлан ярилаа. Түүний үгийг хуулийн болхи, толхи, хатуу, хөтүү гэдгээр бус зүүн чихээрээ оруулаад баруун чихээрээ гаргах аргагүй тогтоон сонсов. Завсарлагаагаар түүнийг ялигүй магтваас Б.Үнэнбат дарга " Манай сайн мэргэжилтний нэг. Саяхан " Хөдөлмөрийн хүндэт медаль" хүртсэн" гэж дэм өглөө.
Одоогоор Монгол Улсад 400 хуулийг хэрэгжүүлж байна.Энэ хуулийн дотор иргэн бид амь зууж яваагаа мэдэж байна уу?
Хуулийн дор амьдрахаас аргагүй нийгэм бүтээж, тэр хуулиараа иргэн бүр өөрсдийгөө хамгаалж, зүгээр нэг хүний эрх, миний эрх чөлөө, ардчиллын чөлөөт байдлыг эрхэмлэгч, би ардчилагч, чи ардчилагч биш, би эрхээ эдлэгч эзэн, би эрх дархтай хүн ...энэ тэр гэж яриад цээжээ дэлдээд байхдаа бус хуулийн эзэн болтлоо хуулийг мэдэж, мэдэхгүй бол хуулийн байгууллагаасаа асууж, туслалцаа авч байх, хуулиараа амьсгалж, за даа тэгээд болхидуу хэлбэл хуулийг талх шигээ зүсч, мах шигээ чанаж идэхийн чухлыг энэ өдөр ухаарууллаа.
Хуулийн байгууллага, иргэдийг ойртуулах гүүр-нүүр нь сэтгүүлчид, хэвлэлийн байгууллага учраас бидний 30 сэтгүүлчийг ийнхүү "цагийн хорио"-д суулгаж номын дуу сонсгож буй нь энэ!
Бидэнд ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Алтанхүү, ГИХГ (/Гадаадын иргэн харьяатын газар/-ын байцаагч Б.Өнөмөнх, АЕГ /Архивын ерөнхий газар/-ын Цахим сангийн төвийн эрхлэгч Ц.Мөнх-Эрдэнэ, ОӨУБЕГ / Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар/-ын Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн мэргэжилтэн Д.Бат-Эрдэнэ, ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, хошууч Ё.Лхагвасүрэн, ХСИС-ийн тэнхмийн эрхлэгч, дэд хурандаа Ю.Бадамханд нарын хуульч, хуулийн мэргэжилтнүүд чухал мэдээллээр " бөмбөгдөөд" эвшээх зай өгсөнгүй. Ер нь товчхондоо хуулийн бүхий л байгууллагынхан "нүүж" ирээд сэтгүүлч биднийг " хуульчлан" сургалаа!
ХСИС үүднээсээ л цэмцгэр, орсон, гарсан бүхэн ёслоод, тэнд биеэ сул тавьж, аль нэгтээ алхайж салхайж явах аргагүй эмх цэгц, дэг журамтай, тэгэхдээ бүхийл хэрэгцээ цөм бүрэн, нээлттэй тохь тухтай номын сан, үзүүлэн таниулах иж бүрэн хэрэгсэлтэй хичээлийн танхим, лаборатори, дадлагын өрөө, тасалгаа, үзвэрийн том тайз бүхий хурал, ёслолын танхим, хоолны газар...гээд том цэлгэр ордон нүд булаам ажээ.
Дэд комиссар Б.Бат-Эрдэнэ ( бид бие биеэ сайн мэдэх тул) " урд ирснээс чинь өөр болсон байгаа биз" гээд инээмсэглэв.Тэрбээр олон үггүй, товч тодорхой, түс тас яриатай хүн л дээ!
ХСИС-ийн хамаг өөрчлөлт, шинэчлэлт, хичээлийг цэрэгжүүлэх бус эрдэмжүүлэх талаар тун олон ажил санаачлан гардан хийснийг мэдэх тул дээрх үгэндээ бүхнийг багтаан хэлээд буйг ойлголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус сургуультай танилцаад " Онцсайн" үнэлгээ өгч байсныг дурдалтай.
Тус сургуулийн хоолны амт шимтийг хэлэх юун.Манай монголчууд сүүлийн үес " Муу хүн идсэн ууснаа магтах муухай" гэж нэрэлхүү ая зан гаргах атлаа хаа нэг идэж ууснаараа гайхуулдаг гэмтэй болчихоод буй. Энэ удаа " номыг нь үзэж ногоотой шөлийг нь уулаа" гэдэг шиг ХСИС-ийн хоолыг цэмцгэрхэн сонсогч охидоор зөөлгөн хүртсэнээ нуух аргагүй. Бас хоолны завсар зугаа үгээрээ тавгаа хачирлав.Учир нь сургалт хичээлийн цагийг хөгжөөнтэй болгож ХЗДХЯ-ны харьяа байгууллагын хэвлэлийн ажилтан бүсгүйчүүл самбаачилж манай нэгэн сэтгүүлч бүсгүйн төрсөн өдрийг хаанаас ч мэдчихсэн юмб, төрсөн өдрийн амтат том бялуу, цэцгийн баглаатай оруулж ирэн бялуугаар бялууруулан баясгасан юм.Түүнийг нь өлгөн бивээр " За одоо та нар надад нэг хөл хүнд бүсгүй олж өг...энэ хичээлийн танхимд ах нь эх барьж авч шинэ хүүхэд өлгийдмөөр байна" гэхэд " яахнав" гэж ихэд гайхсанаа элгээ эвхэн инээлдэж савж унахаа шахав.Өнөөх шүүхийн танхимд хүүхэд төрж, шүүгч бүсгүй эх барьж авсныг хэвлэлийнхэн болоод цахимаар шуугисныг л ийнхүү даваадуулж буй нь энэ.

Тэгэхнээ хоолны ширээн дээр яг дэргэд минь хөл хүнд бүсгүй таарчихлаа.Түүгээр жаал тоглов."Өнөөдөр л яаж ийгээд хүүхдээ гаргачих...за амжихгүй бол өнөө шөнө арга чарга хай...маргааш Төр хурахын аманд очоод төрөхийг бод. Ах нь хүүхдийг чинь эх барьж авч шуугиулья" гэж тоглоом шоглоом хийлээ дээ.ХСИС-ийн Олон нийттэй харилцах албаны ажилтан бүсгүйчүүл үг даах, тоглоом даахдаа " цэргийн хүн" шиг хандаж, харин ч үг нэмэн хөгжилдсөн юм.
ХСИС-д " баригдсан" сэтгүүлч бид ийм явдал дунд нэгэн өдрийг өнгөрөөв.

ТӨР ХУРАХЫН АМАНД ЗҮР ХУРАХ ЦАГААР....

Миний цахимдаа орж амжихгүй явааг нөхөд минь одоо ойлгож эхлэв үү?
Бямба гаригийн өглөө бас л " баривчлагдан" хотоос гарч, Богд уулын зүүн суга руу Төр хурахын ам руу "хүргэгдлээ". 
Төр хурах гэдэг нэртэй зүүн сугыг жаахан тодруулчихья.
БОГД УУЛ МААНЬ БАРУУН, ЗҮҮН СУГАА ТӨР ХУРАХ, ШАЖИН ХУРАХ гэж яагаад нэрлэсэн бэ? Мэдэх үү?
Баруун сугаа ШАЖИН ХУРАХ гэж нэрлээд Мандзуширийн хийд байгуулан номын өргөө болгосон бол Зүүн сугаа ТӨР ХУРАХ гэж нэрлэсэн нь нэгэн учиртай.
ДОМОГ ШИГ ЯРИА ба ТӨР ХУРАХААС ЧУЛУУ Ч ХӨДӨЛГӨӨГҮЙ ТҮҮХИЙН СЭЖҮҮР...

... Далай лам Төвдийг бусдаас бүрэн эрхт байдлаар тусгаарлахыг оролдож, Англи, Оросоос туслахыг гуйвч дэм болсонгүй. Харин ч Англичууд ид шидийн чулуу эрж Төвдөд цэрэг оруулахад Далай лам Монгол руу зугтжээ. Тэгтэл хятадууд Далай лам ид шидийн чулуу авч явна гээд Орос руу гаргалгүй замыг нь боожээ. Гэтэл оросууд Далай ламыг заавал чулуутай ир гэж буриад бандидыг угтуулжээ. Энэ бол 1904 оны явдал л даа. Далай лам Монголд ирэхдээ томрон " Шашны хаан морилж буй тул алс угт" гэж Богд хаанд элч явуулжээ. Харин Богд хаан төлөөний гурван хүнээр угтуулахдаа “Би болбоос залагдаж ирсэн хутагт, харин Далай лам толгой хоргодож байгаа хүн тул би угтах ёсгүй” гэж Хүрээний дэргэд Шажин хурахын аманд угтжээ. Үүнээс болж Богд хаан, Далай лам муудалцсан гэдэг. ШАЖИН ХУРАХ гэж барууг сугыг ийнхүү нэрлэжээ. Харин бидний зорьж ирсэн ТӨР ХУРАХ -д Богд хаан амарч тухлангаа шашнаа тусад нь төрийн үйл үртсээ хэлцэн суудаг байснаас үүдэлтэй гэх буюу. ТӨР ХУРАХ-д хожим социализмын үес Төр хурахын сангийн аж ахуй гэж байгуулан буга үржүүлж, цусан эврийг тусгайлан экспортолж байв. Мөн энд үнэг, туулай ч үржүүлж, арьсыг нь оросод гаргадаг байсан үе ч бий. Оросууд үнэгэн сүүлээр хүүхнүүдийн пальто, савхин дээлийн зах, эмжээрийн гоёл хийж, туулайн арьсаар малгай ( манайхан нэг үе сэгсүүрэг хэмээх туулайн арьсан малгайнд унаж, үнэ хаяж байв.Сэгсүүргэн малгайнаас болж бараг хүн амины хэрэг ч гарах дөхсөн байх...миний оюутан байхад сэгсүүргэн малгай хулгай хийгээд нэг залуу сургуулиас хөөгдөж байсныг санав) хийж дарга даамал, тэдний авгай хүүхэд гоёдог л байсансан. Бугын аж ахуй энэ тэр ч 1990 оны үеэс хувьчлал нэрээр хулгайлагдаад дууссан байх. ХУВЬЧЛАЛ гэж боловсон хулгайн аргаар олон өмч хөрөнгийг овтойчууд хуйвалдан авсан.Одоогийн хоёр намаас төрсөн баячууд хувьчлалаас эхлэн оффшортон болтлоо олигархийн замаа зассан билээ. 
Энэ түүхийг зарим залуу сэтгүүлчиддээ ам халан хуучиллаа.
Төр хурахын аманд одоо хуучин Төр хурахын амралт хэвээр ч хувийн болсон. Түүнтэй зэрэгцээд " Төр хурилдай" гэж жуулчны газар байна.

Бидний очсон газар бол ШШГЕГ-ын амралтын төв юм. ШШГЕГ энэ газраа алдаад жил гаруйхны өмнө буцаан авчээ. Хашааг шинэчилж, байгаа хэдэн барилга, гэрээ өргөжүүлэхээр төлөвлөж, төсөвлөж. Хорих ангиудын гарын уртай улсуудаар найман ханатай, угалз хээтэй сайхан өргөө тохижуулжээ. ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир улам өргөтгөл, тохижилт хийнэ гэж ярилаа. Тэрбээр хорихын хянагчаас өнөөдрийн өндөрлөгт иртлээ ажилласан " улаан шугамтай" энэ салбарын туршлагатай албан хаагч юм. " Төр хурах" амралтын төвийн дарга, хурандаа Б.Оюунаа мөн л энэ салбартаа 30 гаруй жилдээ ажиллаж байгаа аж. Биднийг тухлаг өрөө, өргөөндөө хүлээн авч, амтат банштай шөл, халуун хорхог, ингэний хоормогоор дайллаа.
Өдөр шөнөгүй мэдээ, мэдээллийн хойноос үнэрч нохой шиг гүйж, тоогдох нэгэнд нь тоогдож, тоохгүй нөгөөд нь хөөгдөж явдаг сэтгүүлчид нэгэн өдөр агаарын сайханд амсхийж, ая таатай орчинд биеэ түр амраалаа. 

Сэтгүүлчдийн ихэнх нь бүсгүйчүүл...таван хуруунаас хэтрэхгүй хэдэн хархүү...тиймээс ч Төр хурахын аманд зүр хурах цагаар яалтгүй л зүр, гур ирээд бужигнах шиг санагдлаа!
Залуусынхаа тоглож шоглон бужигнахыг хараад " Төр хурахын аманд зүр хурах цагаар " гэсэн гарчиг зурсхийн буусан юм.
Зүр хурах цаг гэдэг нь хаврын цас хайлж, уул тал цоохортон, тарлантахад ойн чөлөөний наранд согоо, гөрөөс эрхлэлдэн зоо нуруугаа тэнийлгэж, цасан дороос цухуйх яргуй, хэнз өвсийг амтлан сортолзож байдаг үд дундын сайхан цагийг хэлнэм.Яг ийм цагаар л бид Төр хурахын аманд саатан амарлаа.
Биллиард ёврон, хөзөр тоглон, гадуур зургаа татан, ганц нэгхээн зуу татан, сайдыг хүлээж саатахуйд бивээр Богд уулыг тойрсон домгоо л хачирлаж суув.
Нийслэл хүрээнд Далай ламыг шоглосон яриа гарчээ. Нэгэн банди сэм гэтэж Далай ламын сууж байсан байшингийн цонхыг маажсанд “Хэн бэ?” гэжээ. Банди, “Далдыг хардаг далай лам байтлаа дан цаасны цаадах даржин бандиа танихгүй юу?” гэж мохоосон л гэнэ. Богд хаан согтуудаа агсарч “Муу тэнэмэл төвд” гэж хараасан л гэнэ. Сайн ламыг тасганы овоон дээр барьсан гэрт залж, /тэр гэрт хутагт далай лам хоёр нууцаар уулзсан гэлцдэг/ лүйжин тавиулаад 100 лан өгсөн гэнэ. Ламыг лүйжин тавихад Дондогдулам хатан их сайхан хоолойгоор дагаж уншиж байсан л гэнэ. Тэр ч байтугай цагаан сараар Гандан ороод өөрийн нь сэнтийн урд зассан Далай ламын сэнтийг өшиглөж “Ямар гээч хог энд байна” хэмээн уурлажээ. Тахилч лам нь “Далай багшийн сэнтий” гэвэл, “Би мэдэж байна, одоо үүнийг зайлуул, энэ тахилчийн ажлыг болиул” гэж уурласан л гэнэ. Богд хаан, Далай хоёр энэ суганд эвлэрснээс хойш " Төр хурах" гэж нэрлэн төрийн ажлаа хэлэлцдэг болсон л гэнэ. Энэ тэрхнийг ярьж суутал сайд ирлээ.

САЙДЫН БЭЛЭГ

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үүрээр баруун таван аймгаар Ерөнхий сайдтайгаа ажилласан ажлаа дуусгаад ирсэн ч чимх нойр авалгүй л сэтгүүлч бидэнтэй уулзахаар ирэв. 
Тэрбээр сэтгүүлч бидэнд сургалтын баталгаа болгон " Хууль, эрх зүйн ахисан түвшний мэдлэг олгох сургалт"-д амжилттай оролцсон тул ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШСЭН СЭТГҮҮЛЧИЙН БАТЛАМЖ" гардуулан өглөө. Тэгэхдээ " Засгийн газрын бодлогыг сурталчлах гүүр болдог сэтгүүлч та нартай хамтран ажиллах чухал. Ерөнхий сайдтай баруун аймгаар яваад ирүүтээ сэтгүүлч та нартай уулзахаар ирлээ. Хуулийн салбарын мэдээллийг сэтгүүлч та бүхэн илүү олон түмэнд хүргэж чадна. Хууль хүчний байгууллагыг зөвхөн дүрэмт хувцастай гэдгээр нь иргэд хардаг.Тэгвэл үүнийг ингэж хардгийг больё, Иргэдэд ойр болгоё, ажлаа ойртуулья гэсэн зорилго руу ажлаа чиглүүлж байна. Иргэдийг хууль руу ойртуулья. Бүх нийтийн эрх зүйн боловсрол хөтөлбөр боловсруулж байна. 6 настай хүүхэд замын гарцаар зөв гарч сурья. Аав ээжээ, ах эгчээ хүндэлдэг хүмүүжилтэй болоход хүүхдийг цэцэрлэгээс эхлээд анхаарья. Иргэд ч хуулиа мэддэг, мэдэхгүй бол хуулийн байгууллагаар үйлчлүүлж, туслалцаа авч сурья. Эдгээр гол ажлыг хийхэд сэтгүүлч та бүхэн тусална. Хууль хүчний байгууллагыг иргэдэд ойртуулахад сэтгүүлч та нар тусална. Та нар туслахдаа хууль зүйн мэдлэг, боловсролтой, хуулийхныг мэддэг, ойлгодог байх чухал. Тиймээс та нарт энэ сургалтыг зориулж байна. Сургалтыг ганц удаа хийгээд зогсохгүй. Залгаад хийнэ.Засгийн газрын ажиллах 4 жилийн хугацаанд тасралтгүй хийнэ.Сэтгүүлчдийн ихэнх залуучууд байна. Энэ бол эрч хүчтэй, бидэнтэй сайхан ажиллах байх, дөрвөн жил яам, харьяа байгууллагуудын бодлогыг дэмжинэ гэдэгт итгэж байна гэдгээ онцлон дуулгав.

Батламжаа дагуулж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд үнэ төлбөргүй хамрагдах ЭРХИЙН БИЧИГ гардуулав. Мөн ирэх долоо хоногийн эхний хоёрхон өдөрт л үзүүлэх байсныг 5 дугаар сарын нэгэн хүртэл үзүүлэх болгон сунгав.Энэ нь давчуу ажилтай сэтгүүлчдэд ажлынхаа аль боломжтойд, ая тааваараа эмнэлэгт үзүүлэх бололцоо олгосон бэлэг боллоо. Сэтгүүлчдээ бас эрүүл байлгаж хуулиа сурталчлуулах нь! Хөөрхий сэтгүүлчдээ хэвлэл мэдээллийнх нь удирдлага ингэж өрөвдөн хайрлаж, эрүүл мэндэд нь анхаарал тэр бүр тавьдаггүй тул сэтгүүлчид энэ урилгыг алга ташин хүлээн авав!
Элдэв хоол унд, хор болсон архи ундаанаас илүү бэлэг бол энэ л байлаа!

САЙДЫН ЦАЙ...

Сайд С.Бямбацогт сэтгүүлчдийг үдэхийнхээ өмнө бас оройн цай хамт уулаа. Оройн цайг дуутай, бүжигтэй, хууч яриатай болгосон нь сайхан. 
Сэтгүүлч дундаа ахимагаар нь ч уу, ганц нэг шүлэг уншсан яруу найрагчаар нь ч уу намайг хүндэтгэн хоймрын ширээнээ түшмэлүүдтэйгээ хамтатган залж, залуусыг дуу, бүжгээр өрсөлдүүлэн гарын мялаалгаар ч урамшуулав. Тэгэхдээ сэтгүүлчдээс санал хүсэлт сонсож, дараагийн сургалтдаа тусгахаар дутуу гуцуу санаагаа аваадахав!
Энэ бол УИХ-д удаа дараа сууж, тойргийнхоо иргэдийг сонсож хууль боловсруулж сурсан төрийн тулхтай түшээ болж буйн төрхийг харуулав. Дараагийн сургалтыг ирэх зуны 8 дугаар сард хийнэ гэж ч амлав. 
Сэтгүүлч бидэн сайдын урилгыг хүлээн аваад түүний шадар туслахууд, ялангуяа салбарынх нь хэвлэлийн төлөөлөгч нар атгасан гар шиг нийлэмжтэй байсанд талархаж буйгаа сайдад нь дуулгалаа.
Бүхий л ажлыг чадварлаг удирдсан Төрийн удирдлагын газрын дарга Б.Үнэнбатад ч талархав. Хаврын ядаргааг тайлж хорхогны халуун чулуу атгуулсан ШШГЕГ-ын амралтын хамт олонд ч талархав. Хамтдаа ажиллах эрч хүч, эрдэм мэдлэгээр сэлбэсэн ХСИС, ХЗДХЯ-ныханд ч талархахаас яах вэ?
Бусдаас буцааж авсан амралтын газрыг " ТӨР ХУР" гэж шинээр нэрлэн ШШГЕГ-т шилжүүлэн өгсөн бөгөөд тус амралтын хамгийн анхны зочид нь сэтгүүлч бидэн болж, ая дуугаараа " гэрийнх нь жаврыг үргээсэн"-д амралтынхан билэгшээж байв.
Сайдын оройн цайгаар бас л эрч хүч нэмээд сэтгүүлч бид Төр хурахаас хөдөллөө.
Төр хурахын аманд зүр хурах цагаар эхэлсэн сургалт-уулзалт маань одод хурах цагаар өндөрлөв. Одод хурах цагаар хот руу орж ирэхэд шөнийн Улаанбаатарын өнгөлөг гэрэл дохио хурсан байвай. 
Автобусандаа аяны дуугаа өргөж, дөрөөгөө чангалж, инээд хөөрөөр дүүрсэн залуу сэтгүүлчдийнхээ зарим нэгэнд бивээр Төр хурахын амны тухай домог шиг яриагаа ч дуулгаж явлаа.

ЧАНДМАНЬ ЧУЛУУНЫ ЭРЭЛД...

Далай лам Жавзандамба хутагтаас мөнөөх ид шидийн чулуу хүссэнд байхгүй гээд өгсөнгүй . Далай лам, Жавзандамба ламтай ( Одоогийн Удирдлагын институтын орчмын газарт /яг тэр газарт нурж унах шахсан жижиг ордон одоо ч буй/ нэг удаа, Тасганы овоонд нэг удаа нууцаар уулзжээ. Энэ тухайгаа Далай лам “Жавзандамбын пэрэнлэй их ажээ, би сонсоод сүрдлээ” гэж ярьжээ. Пэрэнлэй гэдэг нь “их үйлс” гэсэн үг гэнэ. Богд хаан ид шидэт чулуугаа Далай ламд өгсөнгүй, өгье ч гэсэн байхгүй, гагц их үйлсийг эхлэх цагт Монголд “Чандмань өөрөө буух” учиртай гэж ярьдаг байжээ.
Далай ламыг Бээжин явснаас 10 жилийн дараа, 1915 оны үес төр хямарч эхэлжээ.
Богд хаанд чулуу байхгүй ажээ гэлцэх болж. Гэвч халхын зарим ноёд “Чамайг чандмань эрдэнийн чулуутай хэмээн өргөмжилж хаан болгов. “Оройн дээд очирдарь чандмань эрдэнэ Богд гэгээн” гэгч чулууны тулд өгсөн цол. Хэрэв одоо чулуугүй бол Монголын төрийг монгол хүнд өг” гэж хатгах болсон ч гэх. Тэрчлэн Богд хаан Халхын толгой ноёдыг алав. Хатан Дондогдулам баруун солгойгүй хор хүртээх ба Богдын дэргэдийн оточ нар хүнийг үхүүлэх хорыг гайхамшигтай үйлдэнэ. Богдын оточ өндөр настай, хэлгүй хүмүүс агаад тэд хаа нэгтэй үзэгдвэл заавал нэг муу юм болмуй. Хор түрхсэн сандалд суусан төдийд, хортой хадаг авсан төдийд үхмүй гэсэн цуурхал ч тараажээ.
Монгол хямарч, цэрэг хэрэглэх чадалгүй болсон 1918 онд Барон Унгерн муухан зэвсэгтэй 800 орчим хасаг, төвд, буриад, монгол цэргийн хүчээр сайтар зэвсэглэсэн 15 000 гаминг хүрээнээс ховх цохижээ. Хятадууд эзэлж байхдаа Богдоос өнөөх чулууг нэхэвч өгөөгүй гэнэ. Барон хүрээг эзлээд мөн л богд хаанаас уг чулууг сураглажээ.
Барон унгерн “Чандмань чулууны” талаар гадарладаг байсных. 
Бароны тагнуулынхан ч тэр чулууг эрээд эрээд олсонгүй. 
Богд хаан тэр чулууг нууцалснаар харийнхны гарт Монголоо алдалгүй тусгаар тогтнолоо авч үлдсэн гэх яриа ч буй.
Богд хаан 1924 онд нөгчив. 
Богдыг үхсэний дараа англи, америк, герман, япон, хятад, орос гүрнүүд нууцат чулууг эрсээр байв. Оросын коммунистууд чандмань чулууг Ленин багш эзэмшдэг гэнэ гэсэн цуурхал гарган үзэл сурталдаа ашигласан гэх үг ч байжээ. Хожим Ц.Дамдинсүрэн гуай нэгэн ёгт өгүүлэлдээ “Хүслийг хангагч чандмань эрдэнийг Ленин багш олсон тухай хүүдээ ярьж өгдөг эхийн тухай” өгүүллэг бичсэн байдаг. Тэрээр хүрээнд болж байсан үйл явдлыг сурвалжлан тэмдэглэхдээ чулууны домгоор ийнхүү үлгэр зохиосон биз. 
Америкчууд Рерихийг чулуу хайлгахаар явуулсан гэх яриа ч буй.Рерих анх Оросоос Шинжаанаар дамжин төвдөд хүрч Чандманийн ууланд /Кайласт/ гарах гэсэн авч Төвдийн эрх баригчид албаар төөрөлдүүлж Энэтхэг рүү явуулжээ. Энэтхэгээс мөн л ариун газарт хүрэх гэсэн боловч Харгомын элсэн цөлд төөрчээ. 1924 оны үед Рерих дахин экспедиц бэлтгэж Улаан-Үдээс Монголоор дамжин ариун газарт хүрэх аянд гараад мөн бүтэлгүйтжээ. Америкчууд Рерихийг санхүүжүүлж байсан ч 1944 онд энэтхэгт нас нөгчжээ. Тэр чандмань чулууны талаар хамгийн сайн мэддэг, түүнийг удаан бөгөөд шаргуу эрсэн ганц хүн бол Рерихийг гэлцдэг.
Адольф Гитлер ч оккультизмийн нууц бүлгэмийн нөлөөгөөр Чандмань нэрт чулууг Төвдөд эрж хайлгаж байжээ. Тэр ч байтугай Халимагт хайж, улмаар Гитлер Оростой дайтах шалтгаан нь болсон гэж нэг хэсэг цуурчээ. 
Төр хурахын уул чулуу ихтэй. "Төр хур" амралтын арын уулын чулуунуудыг хараад ийм инээдтэй домог санаанд бууж байв. Төр барих дуртай, төр булаалдан барьж буй хоёр намынхан тэр шидэт чулууг хайгаасай. Арай Төр хурахад нуугддаг юм биш байгаа даа...?

2017.03.26.... 22:57 цагун дору...Төр хурах.

Ж.Батсайхан

 


Сурталчилгаа
Монгол брэнд