top banner
Шуурхай мэдээ

Улаанбаатар хотын захирагч Японд айлчилж байна


2017-04-20 16:36:55
Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 17-21-ний өдрүүдэд Токио хотод албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Айлчлалын эхний өдөр С.Батболд дарга Токио хотын "Моригасаки" ус цэвэрлэх байгууламж, Хот тохижилт, хог хаягдлын менежментийн төв, Хүрээлэн буй орчны судалгааны төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцсан юм.
Мөн Монгол Улсын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай 34 жилийн турш хамтран ажиллаж байгаа Япон улсын мэдээллийн “Киодо” агентлагийн сурвалжлагчид Улаанбаатар, Токио хотын харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлага өгсөн байна.
Харин өчигдөр тэрбээр Токио хотын дарга Юрико Койкэтэй уулзлаа. Хатагтай Юрико Койкэ Улаанбаатар хотын захирагчийг Токио хотод айлчилж буйд талархал илэрхийлээд тавтай морилохыг хүсэв. Улаанбаатар хотын захирагч  С.Батболд цаг зав гарган хүлээн авч уулзсан Токио хотын даргад талархал илэрхийлээд “Бид Зүүн хойд Азийн бүс нутаг дахь хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ оруулахыг зорьж, Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Тус форумд Бээжин, Тянжин, Сөүл, Москва, Эрхүү, Пхеньян зэрэг 20 гаруй хотын дарга болон орлогч дарга нар оролцож байсан. Энэ жилийн форумд Токио хотын захиргааны төлөөлөл оролцоно гэдэгт найдаж байна” гээд Токио хотын даргыг тааламжтай цагтаа Улаанбаатар хотод айлчлахыг урив.
Хатагтай Юрико Койкэ “Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Тийм учраас дэлхийн томоохон хотуудын адил тулгамдсан олон асуудал бий. Цаашид Улаанбаатар хоттой хамтран ажиллах болсондоо таатай байна. Хэдэн жилийн өмнө Япон улсад байгалийн гамшиг тохиолдоход Монгол Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэл харамгүй туслалцаа үзүүлсэн. Үүнд талархаж явдгаа илэрхийлье” хэмэгээд хоёр хотын харилцааг бүх талаар хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд