top banner

“Хаврын баяр” спортын өдөрлөг Прага хотод боллоо


2017-04-19 11:19:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЧУ-д ажиллаж, амьдардаг Монголчуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг “Хаврын баяр” спортын өдөрлөг 2017 оны 4 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Прага хотод амжилттай болж өндөрлөлөө. 22 дахь удаагаа болж буй спортын өдөрлөгт тус улсад оршин сууж буй 7000 гаруй иргэдийн төлөөлөл болсон эрэгтэй 17, эмэгтэй 14 нийт 31 багийн 400 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа сорив.

Австрийн Линз, Вена хотын Монголчуудын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд зочин багаар оролцсон нь тэмцээнийг чанаржуулсан үйл явдал боллоо. Тэмцээнд оролцсон тамирчдын ур чадвар, багийн зохион байгуулалт жил ирэх тусам сайжирч байгаа нь өдөрлөгийн явцад харагдлаа.
 
Өдөрлөгт спортын мастер 4, спортын дэд мастер 3, мөн улсын зэрэгтэй тамирчид олноор оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, үзүүштэй болгож, хүрэлцэн ирсэн Монгол, Чех хөгжөөн дэмжигчдийг баясгав.
 
Волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, заалны хөл бөмбөгийн төрлөөр гурван өдөр үргэлжлэн явагдсан тэмцээний нэгдсэн дүн гарахад Д.Оюун ахлагчтай Роуднице над Лабем хотын “Нөхөрлөл” баг тэргүүн байранд шалгарч шилжин явах цомын эзнээр шалгарав. Удаах байруудад О.Ананд ахлагчтай Прага хотын оюутны “Хийморь” баг, Г.Баярсайхан ахлагчтай Страж под Ралскэм хотын багууд тус тус шалгарлаа.
 
“Хаврын баяр” спортын өдөрлөгийг Монгол улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ ивээлдээ аван хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд энэ удаад ч санхүү, зохион байгуулалтын талаар бодит дэмжлэг үзүүлэн хамтран оролцов.
 
Элчин сайд Н.Наранбат өдөрлөгийн нээлтэд оролцон тамирчдад  амжилт хүсэн мэндчилэхийн хамт Москва хотод явагдах Оюутны универсиад наадмын Европын бүсийн тэмцээнд шигшээ баг гарган идэвхтэй оролцохыг уриалан, үүнд ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Монгол брэнд