top banner
Шуурхай мэдээ

Хараа голын төмөр бетонон гүүр нурах магадлал өндөр байна


2017-04-21 16:10:39
Зураг  "Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Дархан сумын төвөөс алслагдсан гэр хороолол болох “Ширээ нуруу”-нд гурван мянга гаруй иргэд оршин суудаг. Дархан хотын иргэдийн байнга зорчдог хэсэг бол “Хараа голын төмөр бетонон гүүр” юм.
 
Анх 1991 онд ашиглалтад орсон Хараа голын 135 у/м төмөр бетонон гүүрэнд одоог хүртэл засварын ажил хийгдэж байгаагүй ажээ. Одоогийн байдлаар уг гүүрний тулгуур баганууд бяцарч хүнд даацын тэрэг явах боломжгүй болж эрсдэлтэй байдал үүсээд байна. Мэргэжлийн Хяналтын улсын ахлах байцаагчийн болон аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын хяналтын улсын байцаагч, аймгийн Онцгой Байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлтүүдээр гүүрний хамгаалалтын бетон эвдэрч ажлын арматур ил гарсан, зорчих хэсэг 10-12 см суултад орсон, хэв гажилтын заадас эвдэрсэн, засварын тулгуурын ригелийн тэнхлэгийн хэмжээ алдагдсан зэрэг ноцтой эвдрэлүүд гарч яаралтай засварлах шаардлагатай болжээ. Дархан-Уул аймгийн мэргэжлийн байгууллагууд тээврийн хэрэгслийг нэг чиглэлээр нэвтрүүлэх таван тн хүртэлх даацын хязгаарлалт тавих зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч байгаа боловч гүүрийн ашиглалтын байдал улам муудаж, зорчигч, ачаа тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж улмаар техникийн холбогдолтой осол гарах, гүүр нурах магадлал улам ихэсчээ. Аймгийн ЗДТГ 2013 онд холбогдох мэргэжлийн байгууллагаар гүүрийн засварын ажлын зураг төслийг хийлгэж 1.1 тэрбум төгрөгийн төсвийн тооцоо гаргасан боловч санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломжгүйгээс засварын ажил одоо хүртэл эхлээгүй байна. Иймд гүүрний байгууламжийн эвдрэлийн хэмжээ өдөр ирэх тусам даамжирч, нурах, иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох ноцтой байдал үүсч болзошгүй байгаа учраас холбогдох яамдууд анхаарал хандуулж хөрөнгийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, засварын ажлыг мэргэжлийн байгууллагаар батлагдсан зураг төслийн дагуу нэн даруй гүйцэтгүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэв.
                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Сурталчилгаа
Монгол брэнд