Шуурхай мэдээ

Я.Ариунболд: Контрбандын хэрэгт монголын дипломат ажилтан холбоогүй


2017-04-21 12:36:40
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-нд Украйн-Унгарын хилийн Лужанка боомт дээр контрбандын хэрэгт Монгол Улсын дипломат паспорттай иргэн саатуулагдлаа гэсэн мэдээ  өнөөдөр сайтууд дээр гарсан.
 
Одоогийн байдлаар Украйныг хавсран суугаа Варшав дахь ЭСЯ-аар дамжуулан энэ асуудлыг тодруулах эхний арга хэмжээг авахад Д00000949 дугаарын дипломат паспорттай Очирбатын Лхагварэнцэн гэх иргэн саатуулагджээ. Энэ дагуу шалгаж үзэхэд Очирбатын Лхагварэнцэн нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн  дарга, ТЗ-14-3 зэрэглэл хамаарах төрийн албан хаагч статусаар 2014 оны нэгдүгээр сарын 30-нд дипломат паспорт мэдүүлж авсан байна. ХХЕГ-аас лавлаж үзэхэд О.Лхагварэнцэн энэ сарын 18-нд Е1310395 дугаарын энгийн паспортаар Турк руу яваад одоогоор буцаж ирээгүй байгаа.
 
Мөн Беларусийн дугаартай Бенз маркийн автомашин саатуулагдсан гэж мэдээнд нийтэлэгдсэн байна. Минск дэх Консулын төлөөлөгчийн газарт СС6401-7 дугаартай хар хөх өнгийн суудлын БМВ машинтай. Иймд интернетийн мэдээ ташаа байна.
 
Түүнчлэн албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан дипломат, албан паспорт эзэмших эрхгүй болсон иргэдийн эзэмшиж буй паспортын жагсаалтыг гаргаж ирүүлэх асуудлыг Засгийн газрын 2013 оны 320 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу УИХТГ, ЕТГ, ЗГХЭГ, бүх яам агентлаг, аймагт мэдэгдэж, хүчингүй болгох арга хэмжээг авчээ. Цаашид дилпомат, албан паспорт эзэмшигчдэд тавих шаардлага, хяналтыг нэмэгдүүлэх, журамд зарим нэмэлт оруулахаар ажиллаж байна. ГХЯ, ЭСЯ-нд дипломат паспортаа гадаадад яваагүй үедээ Элчин сайд, эсвэл Төрийн захиргаа удирдлагын газартаа хадгалуулдаг журамтай.
 
Москва, Варшав, Вена дахь ЭСЯ, Киев, Минск дэх ДТГ-ын ажилтнууд энэ өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Эндээс үзэхэд энэхүү хэргийг ГХЯ, эсвэл ДТГ-ын дипломат ажилтан үйлдсэн гэх үндэслэлгүй юм гэж ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд мэдээллээ. 
Б.Туул

Сурталчилгаа
Монгол брэнд