Гурван тамирын намар /Аян замын тэмдэглэл/

PDF version
Бичсэн: 
Ж.Батсайхан

"ТООНО" тэмдэглэл...

Намрын эхэн сарын сүүлч...Балжинням, дашням давхцсан билэгт сайн өдөр.

Энэ намрын эхний тэмдэглэлээ ийнхүү нэрийдэв.

Өглөө сэрэхнээ...Арын сайхан Хангайн Булган хайрханы өмнө, Гурван Тамирын голын хөвөөнөө, Алдарт Майдар бурханы хөшөөний өлмийд ирчихсэн сэргэг, бие хөнгөлөг босч байна.

Зүүд үү, Юув гэмээр...гэвч зүүд ч биш...үнэн бөлгөө.

Өчигдөр Улаанбаатар хотоос бага үдийн үес гарсан бид аядуу тайвуу явсаар наран жаргаж од жирвэгнэхүй дор арын сайхан хангайн энэхүү жуулчны гэрт буусан юм.

Найз нөхөд сайхан угтаж, нар саран зэрэгцсэн юм шиг инээд хөөр цалгиулан тослоо...

Гүвэх гээд тоосгүй шахам буугаад гүнцэг юугаа халуухан бариад шууд л" үнэгэн мөрөөр" шогшуулав.

Өглөө эрт биш ч, үхэр мөөрөхөөс өмнө өргөөнөөсөө гарахуй манан будан татаж, Майдар хөшөө гэрэлтэн байнам.

Заяын хүрээний тоонот болсон Богд Зонховын хөрөгт Булган Хайрхан уул манан будангаа шилгээн, ойр тойрхны толгод мөнгөн хяруугаар чимэн мөнгөрнө.

Гурван Тамирын голын нэг Урд Тамирын голын дунд үе болох Эрдэнэбулган сумын эгц харалдаа Майдар бурханы хөшөө, зүүхэн урд Цэнхэр сумын ар шил дэх "Сайн эрсийн Таг" хэмээх уулын сэжүүр, сав шимээ дүүргэн дэрэн доогуур шуранхайлах голын харгиа, навчис нь шарлангуй болсон ч намс намс бүжиглэх мэт шугуй...үнэхээр намрын өнгө хослох нь гайхам.

Энэхэн хавь домог дүүрэн газар даа.

Зөвхөн Урд Тамирын голыг хөвөөлсөн САЙН ЭРИЙН ТАГ гээч газрын тухай товчхон хуучилья.

Энэ уулын нэрийг арын хангайнхан САЙН ЭРИЙН ТАГ гэх.

Энд монголын домогт сайн эрчүүд ирж, Заяын гэгээнээс нууцаар адис аваад энэ уулын тэгш харагдах орой дээр гарч сэм хуралдай хийдэг байсан гэх.

Тэгээд САЙН ЭРИЙН ТАГ хэмээн  нэрийджээ.

Энд мөнөөх алдарт сайн эрчүүд жилд нэг ирж сайн муугаа хэлцэж, цол хэргэм өгч, хоч алдраа дуурсгадаг байж. Ганган төгс, Цахиур Төмөрийн нэр энд л цуурайтдаг байж.

Мөн энэ уулын доохноо Өргөөтийн хөндийд бэлчиж явсан хонин сүргээс сайн эрчүүд давхиан дундаа ташуураар эр хонийн сор иргэн хуцын толгойг ганц тогшин эврээ сэгсрэхүйд гапхийтэл шүүрэн аваад давхисаар Сайн эрийн таг руу гардаг. Хониныхоо сорыг шүүрүүлсэн айлынхан харамсахаасаа илүү билэгшээн араас нь сүү өргөн залбирдаг байсан гэж хөгшчүүл хуучилдагсан!

Мөн энэ Сайн эрийн Таг-ийн нэрийг зарим хагас хугас сонссон зохиолч сэтгүүлчид " Сайрын Таг" гэж андуу эндүү бичих нь бий...

Мөн хууч яриандаа хачир болгоход Монгол Улсын Дархан аварга Бат-Эрдэнийн аав Бадмаанямбуу гуай энэ Сайн Эрийн Таг-д төрсөн, ах дүү нар нь нутагласан газар юм. Ах дүүгээрээ энэ хавьд нутаг усаа тахьдаг гэж дуулддаг.

1988 оны үед Бат-Эрдэнэ улсад хоёр дахиа түрүүлээд Аварга цол хүртээд ирж байсан.

Ах дүү нь баясан тосч, аймгийн тэр үеийн дарга нар харин нэг их тоогоогүй гэдэг...

Юутай ч өдгөө Дархан аварга маань УИХ-ын дархан түшээ болчихоод бүүр Батлан Хамгаалахын сайдаар томилогдоод явж байна.

Сайд аваргын сайн мөрийг болоод сайхан аавын сайн хүүгийн нэрийг Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ гаргаж л явна.

Мөн энэ Майдар бурханы хөшөөний сониноос цухас дуулгая.

Майдар бурханы хөшөөг манжаас хамгаалж Заяын лам нар босгосон гэдэг. Нутаг уул усаа л хамгаалсан хэрэг.

Манжийн ноёд, гүнж ирж мөргөн, хүслээ шившиж шивнэдэг болсноор харц ардууд ч ил далд мөргөдөг болж. Тэрчлэн эсэргүү бослогын үеэр Заяын хүрээг сүйтгэж, зарим хийд сүмийг нурааж, ном судрыг шатаахдаа харин Майдар хөшөөнд гар хүрч чадаагүй гэдэг. Чулуу болохоор шатаагаад ч нэмэргүй байсан биз.

Зарим нэг овлигогүй ногоон малгайтан буудаж үзсэн ч бараг сумны сорви үлдээгүй гэх нь ч буй.

Түүнээс хойш Майдар хөшөө алдаршиж, сүсэгтэн олон мөргөн шүтсээр иржээ.

Нутгийнхан энд мөргөж хүслээ шивнэн зам мөрөө зассаар л байдаг...Одоо Майдар Хөшөөнд газар газрынхан болоод гадаадын жуулчид ч тасрахгүй ирдэг болж.

Энэ жилийн улсын наадмын аварга, арслан төрсөн сайхан хууч яриа ч үүсчихэж.

Наадмын өмнөхөн "Бөх Билэгт"  дэвжээнийхэн болоод Дархан аварга Г.Өсөхбаяр нар санаачлан Зая Гэгээнтэй нийлж Майдар хөшөөгөө тахьсан юм байна. Энэ хавийн уул, Тамирын шугуй хүн, хүлэг мориор дүүрсэн сайхан тахилга болжээ. Тэрний мөргөл өргөл, өглөг хаялгын буянаар энэ жилийн наадмаар Санжаадамба түрүүлж аварга, Пүрэвдагва үзүүрлэж Арслан цол хүртсэнийг нутгийнхан билэгшээн ярьж байна. Олны үг ортой л гэдэг. Түмний үг үнэнтэй байж таардаг. Мөн өнөөдрийн Балжинням, Дашням давхцсан өдрөөр хүүхдийн үс, сүй тавих, хурим хийх, шинэ гэр мялаах найраар эхэлж Гурван Тамирыг хаяалаад уртын дууны шуранхай хадааж байна.

Булган суманд улсын арслан, даншгийн аварга  Пүрэвдагва сүй тавьж буй сайхан мэдээ Гурван тамирын шугуй дамжин салхилж байна.

Одоо хажууханд бууриа зассан "Майдар сан"  жуулчны баазын тухай бас хэлэхгүй байж болохгүй.

Хорь гаруй цагаан гэр, тохь тухтай зоогийн байр бүхий энэ цогцолборыг Барын Оросоо, гэргий Д.Наранцэцэг нар байгуулаад 20 гаруй жил болж байна.

Хоёр гуравхан гэрээс эхлээд хорь шахам гэртэй болжээ. Том харш байшин барихыг хүссэнгүй. Тэгээд ч хэрэггүй. Тамирын гол, Майдар бурханыхаа сүрийг тэгж дараад яахав!

Аль болох монгол гэрээрээ гоёж, үзэсгэлэнт гол шугуйгаараа чимэх нь сайхан л даа...

Бас дэлхийд байхгүй экологийн гэр буудал энд байна!

Юун таван одтой тансаг, далай тэнгисийн хөвөөн дэх 200 давхар буудал вэ?

Манай фэйсчдын хошигносноор "108 одтой зочид буудал" бол монгол гэр бүхий жуулчны баазууд юм.

Б.Оросоо гэж эзнийг бас танилцуулья.

Архангай аймгийн Цэнхэр сумын унаган хүү. Урд Тамирын голын уугуул хүү. Багш мэргэжилтэй.

Архангайн ТМС-д багшилсаар тэтгэвэртээ гарч энэхүү жуулчны баазаа байгуулан ажиллаж байна. Гэргий Д.Наранцэцэг нь бас багш.

1984 оны үед бид танилцаж бидний үеийнхний багш, инженер, эмч.../ ганц сэтгүүлч нь би байсан/ гээд аймгийн төвд хуваарилагдсан залуус хагас, бүтэн сайны амралтын өдрүүдэд нийлж сагс, гар бөмбөг тоглон наадаж, хонины хорхог, дөчийн бидон айргаар мөрийцөн хурууддаг байсан.Бидний дундаас олон ч хос гэрлэсэн.

Тэдний нэг Б.Оросоо, Д.Наранцэцэг хоёр.

Б.Оросоо бол домогт эрийн нэг, өөрөө их даруухан учир олонд гайхуулдаггүй.

1970 онд аймгаас улсад очиж чөлөөт бөхөөр Ойдов аваргыг айлгаж явсан залуу.

Одоогийн Хөдөлмөрийн баатар, Дэлхийн Хошой аварга, Олимпийн мөнгөн медальт Зэвэгийн Ойдовын Дэлхийд алдартай "Ойдов мэх"-ний эзэн нь Оросоо шүү дээ. Түүнд зориулж энэ мэхээ бэлдээд гадаадын бөхчүүдэд хийсээр байгаад дархан мэх болгож, улмаар "Ойдов мэх" баталгаа гаргуулснаа ч З.Ойдов аварга нэг бус ярьсан байдаг.

Оросоо маань энэ тухай ярихад " Тийм нь ч тийм шүү хөө" гээд инээж сууна.

Ийм цөлх хүнтэй ч өөр юу ярих вэ дээ?

Б.Оросоо сүүлдээ +100 кг хүртэл барилдсаар Монгол улсын Спортын мастер болсон. Аймагтаа үндэсний бөхөөр барилдаж аймгийн "начин" гуйж бус гуядаж авсан эр дээ.

Эдний жуулчны бааз хөл тасардаггүй бололтой. Ойрын өдрүүдэд Олон улсын болон Монголын багш нарын өдөр, ахмадын өдөр, Архангай аймгийн БСУГ-ын 60 жилийн ой, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигдсан "Монгол бичиг, соёлыг сурталчлах өдөрлөг"-ийг Архангай аймгийн Засаг дарга, МОНЦАМЭ агентлагийн  "Хүмүүн бичиг" сонин хамтран энэ баазад л хийж байна.

Энэ ажлаас сурвалжилсан тэмдэглэлийн эхлэл энэ буюу.

Мөн өглөөний зоог хүртэн нутгийнхантай хуучилж суухдаа Гурван Тамир минь л тунгалаг байна...Орхон мөрөн шиг Гурван тамир бохирдвол яана! Даан ч Орхон шиг ганц биш Гурван Тамиртай юм даа гэж өөрийгөө хуурав!

Цэнхэр сумын эхээс Суварга Хайрханы суга дороос салаалсан голууд болон алтны уурхайн оорхойд сэглүүлсэн газрын ус ихэд бохирдсонд нутгийнхан халаглаж сууна.

Тэд өнөөдөртөө уужуу сэтгэлээр ёс билэгдэл болгон Орхон голоос маань

" Алтан толгойтой

Мөнгөн цээжтэй

Хүрэл хөлтэй

Гуулин өсгийтэй хүүхэд төрөх болтугай" гэж ёжлон залбирдаг болсныг ч дуулгав. Энэ бол айхтар хатуу ёжлол юм шүү!

2016..10.04.Балжинням, дашням давхцсан билэгт сайн өдөр...

Ж.Батсайхан