ГУРВАН ТАМИРЫН НАМАР

PDF version
Бичсэн: 
Ж.Батсайхан

/ Аян замын тэмдэглэлийн үргэлжлэл/

Хоёр..." ТОТГО" ТЭМДЭГЛЭЛ

Манай арын сайхан хангай нутгаас олон сайхан зохиолч, яруу найрагч төрсөн, төрсөөр байна. Нэрийг нь хэлэхүйд мэдэх, мэдэхгүй тэдний минь онгод бүхэн Төрийн тахилгат Суварга хайрханы оргилоос адис хүртэж, тунгалаг Тамирын уснаас охь нэрж, түмэндээ цуутай домогт Тайхарын хаялгаас аархал авч, олондоо бишрэлтэй Булган уулнаас авшиг шингээж, Чулуут, Сумангийн харгианаас ааг халгиаж, Тэрх цагаан, Өгий нуурын цалгианаас равнай шившиж, Өвгөн хад, Хоргын тогооноос хэт цахиж, мөнөөх миний дурдсан Сайн эрсийн таг, Содномдаржаа уулын таргил дахь Хоёр гэгээнтний шүтээнээс тарни шивнэж байдаг билээ!

Тиймээс ч Анхдугаар Зая гэгээн Лувсанпэрэнлэйгээс хойшхо тодорсон дүр бүхний ид шид, соён гэгээрэхүйн ухааны жанлав юу нь үеийн үед оршсоор байнам.
Зая гэгээнтэн бүхний суу билгийн домог түүхийн зарим нэгээс цухас дурдсаар байгааг анзаарах буйзаа.
Өчүүхэн миний олонтоо аархахын ааг омог чухам энд л байдаг юм. Алив бүхнийг үл өгүүлэн Урд Тамирын голоос шүүрдэхээс аргагүй заримхан хоржоонтой ярианаас хуучилья.
Эртнээс цөвүүн цагийн зэвүүн мууг холтгох арга заслын нэг нь хяруу буусан хэдхэн хясаа толгодыг харахуй санаанд буулаа.
Таруугийн таван улиасын өмнөх Тамирын гол хэжсэн хясаа бүхий хоёр толгойн тухай нэг ийм хууч бий.
Энүүхэн голын ард Майдар бурханы баруухантаа ЗАЯ ГЭГЭЭНИЙ ЗУНЫ БУУЦ буюу томоо гэрийн буурь байдаг...Үе үеийн Зая гэгээнтнүүд зундаа энд бууж ном завсарлаж, гүү барин саам ууж, оюунаа амраан, биеийн чилээг гарган, үе мөчөө амсхийлгэдэг байж...Аль ч Заяынх нь билээ үед энэ хавийн уул ус хэрэлдээд болохоо байж гэнэ. Тэгэхээр нь Зая гэгээн арга засал хийж гэнэ дээ. Нэгэн хясаан дээр нь " Хаан сүйх" , нөгөө хясаан дээр нь " Хатан сүйх" сийлж эв түнжин хагарахгүй байх айлтгал хийжээ. Ном тарнийнхаа хүчээр хэрэлддэг уул хадыг тийнхүү эвлэрүүлэх байтугай гэрлүүлжээ.Түүнээс хойш энэ хавийн уул, ус хэрэлдэхээ больж. Мэддэг чаддагсан бол одоо цагт мөн ч хэрэгтэй засал байгаа биз. Уул усны хэрүүлийг ингэж зогсоож чаддаг увистан одоо байгаа бол улс төрийн нам, улс төрчдиййн хэрүүлийг мөн ч амархан зогсоож чадах нь ээ!

Монгол даяар орон нутгийн сонгуулийн салхи савир ханхлаад том жижиг нударгатнууд биеэ голохгүй нэрсээ дэвшүүлж буйн өнгө төрхийг ч Гурван Тамирын хөндийгөөс харлаа!

Таньдаг, мэддэгээсээ танихгүй, мэдэхгүй хүн олон болж! За ер хаана ч ийм л байгаа байх...?
Шинэ ажлаа авсан хүнээ муутгах, өөлөх нь их байх юм! 
Орон нутгийн сонгуулийн дүнгээ хараад ажил цалгардаж, жигдрээгүй байгаа нь ч харагдана!
Ер орон нутгийн сонгуулийг тарамдаж, хот, аймгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтруулсны гор ч гарч байна!
Ялангуяа УИХ, аймаг, хотын сонгуульд далаараа цэвэр тавиулж ялагдсан АН-д нэн халгаатай байна!
Дээрээ толгойгоо цавчуулсан шигээ дороо жирийн албатууд нь олгойгоо огтлуулсан юм шиг эмзэглэж байна!
АН-ынхан 2012 онд олонх болсондоо хэт эрдэж МАН-ын сэтэртэй болгоныг ажлаас нь халж, өндийсөн толгойтон бүрийг тайрч хаясныхаа хариуг хатуухан амсаж байна!
МАН-ыхан ч хариугаа хатуухан авах гээд байх шиг !
АН-ын нөхөд дунд туйлшран гоморхох нэгэн байхад "олбог суудал ээлжтэй" гээд тоох ч үгүй нэгэн байх. Чухам хүнээсээ л болж үнэн чанар нь харагдаад байх шиг!
УИХ-ын дарга М.Энхболдыг ирэхэд Архангайнхан суух суудалгүй болтлоо бүчин авч байна лээ. Энэ нь сайндаа бус цалин, тэтгэвэр хасах нь үнэн үү, амьжиргааны баталгаа байна уу? МАН-ын та нарт хамаг итгэлээ өгөөд байхад сайхан сэтгэлийг минь шороотой хутгах нь уу? гэсэн орон нутгийнхны асуулт аргагүй л хариугаа хүлээж  байх шиг!
УИХ-ын дарга ч харин барих хариутай, ямартаа ч цалин хасахгүй, 2017 оноос амьдрал сайжирна л гэж байна лээ!
Зун наадмаар дөнгөж ажлаа аваад байсан Аймгийн Засаг дарга Ц.Мөнхсайхан хийх ажил байтугай хэлэх үг цөөтэй байсан бол одоо хийх ажлаа тодорхой болгоод хэлэх үг нь багтахгүй байгаа тул орон нутгийн сонгуулийн дараа томхон ярилцлага өгье гэлээ! УИХ-ын дарга болоод аймгаасаа төрсөн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Эрүүл мэнд, спортын сайп Ц.Цогцэцэг нарыг үдүүтээ сум руу мордов. Ярианыхаа далимд "Ах минь дөнгөж л аппаратынхаа дарга нарыг солиод байж байна. Орон нутаг хэвээрээ онгойж байна. Сонгууль өнгөрөөд  юм бүхэн бүрэн бүтэн болно доо" гээд инээв.   
Нутгийн олны амны салхинаас сонсохуй "Дээрээ битүү МАН-ыг сонгосон юм чинь дороо ч зай завсар гаргаад яах вэ. Тэнцүүлж, эвсүүлж ч үзлээ... нэмэргүй юм. Дээл минь сэмэрч, гэр минь нооройж, амьдрал минь новширч гүйцлээ...! " гэлцэхээс үзэхүй орон нутгийн сонгуулийн дүн хаашаа эргэх нь тодорхой бололтой.
Юутай ч, манай арын хангайнхан их л уужуу тайван, амар амгалан хүмүүс байдгийн нигуур мах цусанд шингэсний учиг эндээс тодрох л буйзаа !

Бид Тамирынхаа голд цүү хаяж тоглон өссөн ч гэлээ өдгөө хөөрөг зөрүүлэнгээ үг хаяж суугаа ахмад үеийн зарим төлөөлөлтэй хуучиллаа. Цэнхэр сумаас ирсэн хэд дундаа арай ахмад ч гэлээ 76 насанд дарагдаа нь үгүй Цагаан сүмийн голын малчин Дамдинбазар гуай барагтаа бол үг унагахгүй. Хааяа гаансаа нэрэн гутлынхаа түрийг тогших зуур "Суварга хайрханаа тойроод сайхан л амь зууж байнаа...Орхон талаас алт ухагчид чинь харин оройгүй тэнэг юм хийж байна. Төр нь тийм тэнэг юм уу...мэдэхгүй...Хүннү төр гэдэг чинь өөрийнхөө алтыг газар дороо нууж, гадныхнаас алтыг нь авчруулж татвартаа авдаг байсан гэсэн үү...үгүй юү...? "гэж ам асуух шиг товхийсэн үг хэлээд гаансаа тогшино!


Бямбаа гэж ажилсагтаа л нас нэмэх бүр хөнгөрөөд байгаа гэлтэй шавилхан шар эр "Зөгий өвөлжүүлдэг ш дээ..." гэхээр нь золтой далан худалч шиг залж байна уу гэчихсэнгүй!
Үнэн юм, бүүр үнэн юм гээч...Архангайд 1989-1990 онд нэгдэл тарж, хоршооллууд унаж, энд тэндгүй өсөж үржиж байсан "Туслах аж ахуй" буюу зургаа дахь сүрэг тахиа, гахайн цөм сүрэг эзгүйдэж, долоо дахь сүрэг буюу зөгийн аж ахуй үл тоогдож байхад алган дээрээ тавим арав тавхан зөгий худалдаж авахад нь Бямбааг ёстой л "гажигтай" мэт шоолох, шоодох хүн байж.
Тэгвэл одоо Бямбаа маань зөгийнхөө бүлийг зөндөө болтол өсгөөд өвөлжин бал хурааж байна.Тэр ч байтугай хангай нутгийн хариг өвлөөр зөгийгөө өвөлжүүлдэг, өвлийн брэнд бал бурам хураан авдаг туршлагатай болжээ!
Зөгийгөө 3-9 метрийн гүн нүхэнд өвөлжүүлдэг гэнэ дээ! Газрын ийм гүнд зөгий дасаад даардаг ч үгүй, хээв нэг бал бурмаа шахаад сууж байдаг гэнэ. Амьдрах, ажиллах орчныг нь ийнхүү бүрдүүлээд өгөхөөр ажилсаг зөгий даарах байтугай амрах завгүй л цэцгээ шимж амтат балаа үйлдвэрлэдэг байна!
Мөн арын хангайн цэцэгс дэлхийд байхгүй ховор амтат бал ялгаруулдаг болохоор зөгийнүүд нь өвөл ч гэсэн үүрнээсээ гялс гарч нисээд бэлдсэн цэцгэн дээрээ буугаад өнжин л бал зөөдөг байна! Бямбаагийн зөгийн бал аймагтаа болон төвийн бүсийн олон үзэсгэлэнгээс шалгарч алтан медаль, цом, батламж, өргөмжлөлийг хураах шиг болжээ! Өвөлждөг зөгийтэй, өвөлжин бал хураадаг юм чинь, тэгэлгүй яах вэ?
Цэнхэрийн голын хүүхнүүдийг гүү саахаас өөр юм чаддаггүй гэвэл алдас болно. 
Энгэртээ эвлэлийн тэмдэг зүүх наснаасаа Эхийн алдарт одон эгнүүлтлээ сумынхаа эмнэлэгт эх баригч, лаборантаар тасралтгүй ажиллаад тэтгэвэртээ гарсан ч намрын намарт сүү сааль, идээ цагаагаа хураагаад зав зайндаа найрын гурван дугараа тасалж үзээгүй Цэцгээ.........тэргүүтэн идэр гурван бүсгүй монголын мөн ч олон хүүхдийг өлгийдөн авчээ. Гоёлоо өмссөн тэд өнөө орой цүү хаяна шүү гэхээр инээдээ ч газар унагалгүй баярлаж байх шиг...Монгол хүн бүхний мэдэх " Тунгалаг Тамир" кинон дээр Итгэлт баян Долгорыг анх тэвэрч, шөнө нь зулын гол чимхэн унтраагаад " За...за зүгээр дээ..зүгээр" гэж юу яадаг шиг л ханцуйгаараа амаа дарж аалигүйтдэг кадрыг санах мөртөө Тамирын хөндийд одоо ч цүү хаях хүн олдохгүй болжээ!
Жадамбаа гэж жирвээ сахалтай, том ханз хээтэй улаан дээлтэй эрийг зэрвэс харвал панз гэлтэй. 1960-1970-аад оны "аваарын хар" гэх дугуй хар малгай духдуулж, орос хором гармуушиглан жийж, бүдүүн папирос уугиулахыг нь харвал "атаман" гэмээр ч насаараа нэгдэл болон сумын эмнэлэгт жолооч хийсэн хашир эр байна!

Гурван Тамирын голд намартаа найр наадам ихсэх ч  ажлаа нугалж өвс хадлангаа базааж, өвөлжөөгөө засч, өтөг бууцаа тохинуулж аваад манайхан нохой гурав харагдтал ууж, хутга тавилгүй мах идэж, хөхүүр хагартал айргаа сөгнөж, хуруудаж дэмбээдэхийг харсан гадныхан архидаж наргихаас өөрийг мэддэггүй байх гэж өнгөц гайхах, өлмөнтөн атаархах явдал их байсан.
Өчүүхэн намайг залуу сэтгүүлч болоод аймагтаа ирж "Архангайн үнэн" сонины сурвалжлагчаар ажиллаж байхад малчдыг айлгах, сүсэгтэй иргэдийг залхаах зорилгоор намын дарга нар эвгүйцэм завхрал нугалаа гаргахдаа айл гэрийн хоймор дахь бурхан тахилыг нь хураан авч, айраг архийг нь асгаж, бүрхээр эвдэж, ширмэн тогоог хагалж, Булган ууланд  зул бариулахгүй, бусармаг үйлдэл хааяа гаргаж байв.
Эл бүхнийг "Архангайн үнэн сонинд мөн ч их бичсэн дээ...!


"Архангайн үнэн" гэснээс 2017 оны 10 дугаар сарын 3-ны энэ өдөр буюу 1947 онд Архангай аймгийн анхны сонин гарснаас хойш өдгөө 70 жил болчихож. Арын хангайд амрах, ажиллах аль ч үед очиход угтан тосч, юу байдгаараа дайлж, ёс юм шиг цугладаг ах, эгч, андууд минь бас л хүрч ирээд хорхогны халуун чулуу атгуулав. Аймгийнхаа сонины 70 жилийн ойг бэлтгээд Гурван Тамирын голоо доргиоё гэж бид ярилцлаа. Тэднийхээ яриа хөөрөөг МОНЦАМЭ агентлагынхаа МОНТА студийн дуран хальснаа ч буулгав.Удахгүй цахим сүлжээ болон теле дэлгэцэнд тавих тул ингээд цухас орхиё!
Аймгийн Номын сан бол зохиолч, сэтгүүлч бидний заавал бууж морддог газар.1950 оны үес үүдээ нээсэн гэх ч архив, албан бичгээс тодорхой он, сар олдохгүй байна гэсээр угтсан Номын сангийн захирал Мөнхтуяа маань энэ өргөөнд 18 настай ирж номын санчаас эхлээд дарга болтлоо 30 гаруй жилийн намартайгаа золгожээ.
2012 онд Архангай аймгийн Засаг даргатай нийлж "Тамирын намар" зохиолчдын чуулган зохиож, 2014 онд "Болор цом" хийж, ер нь номоо тэврээд ирсэн хэнийг ч цаашаа гэдэггүй оюунлаг бүсгүй.
 


Санхүүч Алтанцэцэг тэргүүтэн эднийхэн аль ч цагт ажлаа хийж, номоор хүүхэд, хөгшдийг цангаалгүй, гурван давхар номын ордноо гэрэлтүүлж явна.
Энд ордноос Ц.Уламбаяр тэргүүлэн Жамцын Шагдар, Д.Найманжин, О.Цэнд, Д.Цэнд, Л.Хуушаан., Л.Лувсандорж, Б.Базаррагчаа ..гээд өдгөө Болор цомтон Лхамноржмаа, Мөнхбат гээд олон зохиолч төрсөн.
Төрийн шагналт Цэндийн Доржготов, нэрт хошин шогч Жаргалын Барамсай, Доржготовын хүү шог зохиолч Буян...гээд шоочингууд/ шоучингууд биш шүү/ буюу арын хангайгаас инээд түгээгчид ч зөндөө.
МУБИС 70 жилийнхээ ойг тэмдэглэж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнагдсан үед нь алдарт Архангайн багшийн сургуулиар орлоо.
Өнөө цагт шүүмж бичиж, том жижиг зохиолчдын шар усыг хуруулах болсон Гончигийн Батсуурь маань "Цэндийн Дамдинсүрэн гуайгаар докторын зэргээ хамгааллаа...одоо үгүйлэгдээд байгаа утга зохиолын сурах бичиг эмхэлдэг юм уу...?" хэмээн буурь суусан эрдэмтний янзаар хөөрөг зөрүүлж сууна!


Багшийн сургуулиа төгсөөд дэд захирлаас захирал болтлоо төрөлх нутагтаа ажиллаж, МУИС, МУБИС-таа ч багшлах завсраа шүүмж судлал бичсээр шилдэг номоороо "Алтан өд"-өөр шагнуулсан дүү минь хаана ч газардахгүй ажиллах чадвартай л даа!
Их бага сонгуулийн дараах халаа сэлгээнд буурь суурь заасан уран бүтээлчид ямар өртөх ч биш...! Том жижиг мяндагтны өмнө өрвөлзөх ч биш...бүтээлээ хийгээд л гялалздаг хойно!
"Яруу найргийн судлал шүүмжлэлд-"  буюу "Дөрвөн цагаас Цаг хугацаа амсхийх...хүртэл", "Мета-Утга" номоороо дайлж байна.Бидэн хоёр 1986 оноос эхлүүлсэн ч заримдаа тасраад байгаа Архангай аймгийн шилдэг шүлгийн "Хангай" цомыг сэргээж жил бүр уран үгсийн чуулган хийх тухайд санаа нийлэв.
Ийнхүү нутаг усанд минь хийж бүтээхийн оргилуун хүсэлтэй, эрч хүчтэй сайхан сэхээтэн залуу тун олон байна. Хөгжмийн зохиолч Ч.Төгсбаяр маань жаахан ганцаардангуй ч төгөлдөр хуурынхаа ард суухаараа Гурван тамирын голоо байтугай Суварга хайрхан, Булган хайрхан, Тайхар чулуугаа ч өндөлзүүлэхээр хөг аялгуу хангинуулдаг л эр дээ. Энэ мэт залуусынхаа  тухай дараагийн "Тотго" тэмдэглэлдээ өгүүлэх тул инээд хачир хавчуулах төдий ардын хууч яриагаар энэ хэсгээ өндөрлөе.

Архангайчууд ер нь аль ч үед архитай бус архичинтай тэмцдэг эгэл ардын бор аргуудтай байсны нэг нь санаанд буусныг нөхөддөө онигоо маягаар яримаар байна.
Нэг намар нээг их архинд дуртай, жаахан уухаараа хүүхэд цочоож хүүхэн айлгадаг агсам эр тогоо нэрэх чадалгүй ядуу айлд шөнө дөлөөр орж ирээд архи нэхээд амраахгүй байв гэнэ. Олон хүүхдийг нь ч элэг бариад өөрийг нь ч ноцоод байхаар нь авдар, ор хоёрынхоо ширгүүлэгт чихчихэж. Архангайнхан авдар, орны завсарх завсар зайг ширгүүлэг гэж нэрлэдэг. Түүнээс хойш агсам эр тэднийд ирэхээ байж.
Дараа нь харин нэг баяны дээрэлхүү хүү дээрх яриаг сонсоод бэлэвсэн бүсгүйг басамжлан тохуурхаж согтуу ирээд хүчирхийлэх гэж оролджээ. Бүсгүй ч сархадаа шингээдэггүй савсаг эрийг шар эсгийнд боож Тамирын гол руу шидчихэж.
Усанд хөвж явах эрийг Гурван Тамирын гол даяар шоолоо биз ээ...Иймэрхүү аргаар архичидтай тэмцдэг байснаас архи айргийг ч арай асгаад байдаггүй байжээ.
Харин архичдыг хуурсан егөө, доргио яриа цөөнгүй байдаг.
Нэг айлд хэт согтсон нэг эр шөнө ирж хаалга үүдийг эвдэх шахам орж ирээд архи нэхээд салдаггүй гэнэ.
Тэгэхээр нь арга заалхай хайсан гэрийн эзэгтэй эр нөхөртөө шивнэн хүйтэн бор цай шанагандаа хийж "за хөө чи энэ охийг гурав тат..." гээд өгчихөж...нөхөр нь хээв нэг ганцхан амьсгаагаар уугаад хэхрэв.
Нөгөө согтуу эр түүнийг хараад "...алийв над л даа, надад" гээд шалаад байхаар нь жаал хорхойг нь хөдөлгөж харамласан царай гаргаж байснаа " жаа, чи ч манай өвгөн шиг гурван шанага архи ууж чадахгүй байх...гэхдээ май..." гээд хүйтэн хар ус шанага дүүргээд өгөв.
Согтуу эр нэг шанагыг хам хум уугаад архиныхаа халуунд мэдсэнгүй юү...эсхүл мэдээд бантсан уу..." пөөх танай архи ч чанга гарчээ" гээд бушуухан мөлхөөд гарч явуутаа босго давуут усаар бөөлжсөн гэдэг... аяа...архины халуун гэж...! Түүнээс хойш тэр айлд архины нэхүүлчид ирэхээ больсон гэдэг. Ийм ухаалаг хүүхнүүд Тамирын голоор нэг байдагсан..Одоо ч байгаа биз ээ!

2016...10.4-5-ний өдөр. Булган хайрхан, Эрдэнэбулган сум...

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, МОНЦАМЭ агентлагийн тусгай сурвалжлагч Ж.Батсайхан