Х.Клинтоныг ялагдалд хүргэсэн шалтгаанууд

PDF version
Бичсэн: 
Б.Адъяахүү

Ник Брайант, Би-Би-Си, Нью-Йорк

Өнөөгийн улстөрийн тогтолцоог тусган илэрхийлж чадах хүн Клинтоноос өөр байхгүй болов уу. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр уурсан хилэгнэсэн олон сая сонгогчийн хувьд энэ эмэгтэй ялзарч, авлигажсан Америкийн улстөрийн тогтолцооны бодит илэрхийлэл болж байлаа.

Харин Дональд Трамп улстөрийн энэ тогтолцоог засч залруулж чадна гэдгээ  “хэнийг сонгохоо шийдэж чадахгүй эргэлзэж байсан” муж улсуудын сонгогчдод  итгүүлж чадсан юм.

Трамп эсэргүүцлийн дуу хоолой болж байсан бол Клинтон статус-квог илэрхийлэгч байлаа.

Х.Клинтон өөрийгөө Ерөнхийлөгчид хамгийн ихээр таарч тохирох хүн гэж байнга давтан ярьж, тэргүүн хатагтай байсан, Нью-Йорк муж улсаас Сенатад сонгогдож байсан, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай гэдгээ цаг үргэлж тоочиж байв. Гэтэл дургүйцэл, уур хилэнгээр дүүрэн, солиоролд автсан мэт санагдахаар сонгуулийн кампанит ажлын явцад Дональд Трампын талынхан Клинтоны ажлын туршлага, албан тушаал хашсан байдлыг нь түүнийг сөргөөр харагдуулахад ашиглаж чадлаа.

АНУ-ын баруун төв нутгийн аж үйлдвэрийн хотуудад надтай уулзаж ярилцаж байсан олон олон америкчууд хэлэхдээ, Цагаан ордонд мэргэжлийн улстөрч бус харин ажил хэрэгч бизнесмен хүн байгаасай гэж хүсч явдагаа илэрхийлж байсан юм. Тэд Вашингтоны эрх баригчдад таагүй ханддаг, тэр тусмаа Хиллариг үзэн яддаг гэдэг нь илт мэдрэгдэж байсан юм. Миний хувьд Теннесси хотын оршин суугч дунд хэрийн насны нэгэн эмэгтэйтэй ярилцсанаа тодхон санаж байна. Тэр эмэгтэй дэндүү гэмээр эелдэг ааш зантай хүн боловч Х.Клинтоны тухай яриад эхэлмэгц ярианых нь өнгө эрс өөрчлөгдөж байлаа. Барак Обамагийн хувьд Хилларигийн улстөрийн туршлагыг ихэд онцолж байсан, гэтэл чухамхүү ийм магтаал нь олон сонгогчийг Клинтоноос түлхэн холдуулсан юм.  

Нөгөө талаас, Клинтоны хувьд сонгогчдын итгэлийг хүлээх тал дээр байнгын асуудалтай байсан. Ийм учраас түүний цахим шуудантай холбоотой дуулиан “хүчээ авсан” юм. Түүнээс гадна чин сэтгэлээсээ байх, байгаагаараа,  төрөлх зангаараа байх гэсэн хоёр зүйл түүнд илт дутагдлаа.  Түүнийг ажилчин хүмүүсийг дээрээс нь өрөвдсөн байдалтайгаар өлийн харж буй  Америкийн зүүн эрэг, Вашингтон, Нью-Йоркт суурьшсан дээдсийн зиндааны удган чавганцын дүрээр хүлээж авсан юм.

Цагаан ордноос явсныхаа дараа Клинтоны гэр бүлийнхний хурааж хуримтлуулсан хөрөнгө чинээ нь Клинтоныг ингэж дүгнэхэд хүргэсэн. Ерөнхийлөгч асны гэр бүлийнхнийг лимузин унадаг либералууд бус харин бизнес ангиллын онгоцоор зорчдог либералууд гэж олон түмэн харж дүгнэж байлаа. Клинтон болон жирийн сонгогчдын дунд “гүн ангал” бий болоход энэ гэр бүлийн хөрөнгө чинээ нөлөөлсөн юм. Харин тэдгээр сонгогчид тэрбумтан Трампын төлөө дуртайяа саналаа өгсөн билээ.

Өөр нэгэн зүйлийг дурдъя. Америк эмэгтэйчүүд сонгууль оролцохдоо эрэгтэйчүүдээсээ илүү идэвхтэй байдаг учраас жендерийн хүчин зүйл тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж олон хүн найдаж байлаа. Гэтэл бүр нам дотроо Берни Сандерстай өрсөлдөж байсан Х.Клинтон Америкийн анхны эмэгтэй ерөнхийлөгчийг сонгоорой гэж залуу эмэгтэйчүүдийг ятгаж дийлээгүй юм.

Олон олон эмэгтэйчүүд Клинтонд таатай хандахгүй байлаа. Тэр ч байтугай, тэргүүн хатагтай байх үеийнх шигээ гэртээ суугаад жигнэмэг хийхийг хүсэхгүй байна гэж Клинтоныг зэмлэж байв.

Эр нөхөр Билл нь өөрийг нь араар тавих нөхцлийг Хиллари өөрөө бий болгосон, бас бэлгийн дарамт үзүүлсэн гэж Биллийг буруутгаж байсан эмэгтэйчүүд рүү Клинтон дайрч давшилж байсан хэмээн  Д.Трамп ярьж байх үед олон эмэгтэйчүүд толгой дохин хүлээн зөвшөөрч байлаа.

Олон эрэгтэй сонгогчдын хувьд эмэгтэй ерөнхийлөгчийн төлөө саналаа өгөхөөс татгалзсан шалтгаан нь Америкт ужгиран тогтсон хүйсээр ялгаварлах явдал /sexism/ байлаа. Энэ тал дээр олон олон америкчууд өөрчлөлтийг хүлээж байсан боловч Хиллари тэдэнд ямар ч шинэ зүйлийг амласангүй.

Нөгөөтэйгүүр, аливаа улстөрийн нам өөр өөр хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн оролцуулахдаа гурван удаа дараалан ялна гэдэг бол тун хэцүү. Ардчилсан намынханд ийм боломж 1940 оноос хойш гарч ирээгүй билээ. Дээр нь олон тооны сонгогчид Клинтоны гэр бүлээс залхсан байсан нь байдлыг улам муутгав.

Өөр нэгэн зүйл гэвэл, Клинтон бол төрөлхийн авьяастай суртал ухуулагч биш юм. Түүний хэлсэн үгнүүд ихэнхдээ сонирхолгүй, сэтгэл хөдлөлгүй, чин сэтгэлийн угаас ундрахгүй байлаа. Хэлэх үгнүүдээ голдуу урьдчилан бэлтгэсэн байсан учраас түүний цахим шуудантай холбоотой дуулиан дахин дэгдсэн нь гол зүйлээс анхаарлыг нь сарниулсан билээ. Ингэснээр эцсийн дүндээ Клинтоны кампанит ажил сөрөг өнгө аястайгаар дууссан юм.  

Нөгөөтэйгүүр, Трампын уриа лоозон Клинтоныхоос илүү итгэл үнэмшил төрүүлэхээр байлаа. Клинтоны “Хамтдаа байхдаа илүү хүчтэй” гэсэн лоозон нь “Америкийг дахин аугаа болгоцгооё” гэсэн уриатай адил анхаарал татахаар сонирхолтой байж чадсангүй.  Үнэн хэрэгтээ бол Клинтоны штабынхан хэд арван уриан дотроос нэгийг нь шилж сонгосон нь Клинтоны хувьд ард түмэндээ хүргэх гэсэн санаагаа томьёолоход нэлээд хэцүү байсныг харуулсан хэрэг болой.

Клинтон кампанит ажлынхаа үеэр тактикийн шинжтэй алдаанууд ч бас гаргасан. Тэрбээр Хойд Каролина, Огайо зэрэг заавал ялах гэж зүтгэх шаардлагагүй газруудад хүч, цаг заваа үрсэн. Харин үүний оронд Ардчилсан намынхан 6 удаа дараалан ялалт байгуулсан 18 муж улсад байр сууриа бэхжүүлэх ёстой байсан юм.

Трампын хувьд цагаан пролетариудын тусламжтайгаар Пенсильвани болон Висконсин муж улсуудад ялалт байгуулснаар Ардчилсан намынхны ялалтын буухиаг тасалж чадсан билээ. Висконсинд Бүгд Найрамдах намынхан 1984 оноос хойш ялж үзээгүй юм.

Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, улс орны тал нь зөвхөн Хиллари Клинтоныг төдийгүй Барак Обамагийн удирдсан Америкийг хүсэхгүй байлаа. Гэхдээ энэ бол тусдаа асуудал.

Орчуулсан Б.Адъяахүү