Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 38 жил боллоо

PDF version
Бичсэн: 
Тоймч Г.Эрдэнэбат

Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 1978 оны 12-р сарын 14 өдөр  буюу одоогоос яг 38 жилийн өмнө нээлтээ хийжээ.

Нээлтийн ажиллагаанд тухайн үеийн Төрийн тэргүүн Ю. Цэдэнбал, Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх нар оролцож  тууз хайчлан, кноп дарж конверийг ажиллуулсан түүхтэй. Эндээс тус үйлдвэрийн цаг тооны бичиг эхэлжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, ОХУ тус үйлдвэрийг 50:50 хувиар хуваан эзэмшиж байсан юм. Харин 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, зэх зээлийн эдийн засгийн харилцаагаар  солигдоход “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмших болсон.

Үйлдвэрийн эзэмшилд өөрчлөлт орсноор тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг Монгол Улсын Засгийн газар бие даан томилох бүрэн эрхтэй болсон юм. 

ОХУ-ын Засгийн газар өөрийн эзэмшлийн 49 хувийг 2008 онд тус улсын төрийн өмчийн “Оростехнологи” компанид шилжүүлсэн аж. ОХУ-ын төрийн өмчийн компанийн мэдлийн 49 хувийг 2016 оны 6 дугаар сард “Монголын зэс” корпораци худалдан авсан байна.  Худалдан авсан энхүү үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Уг ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлнэ.

Тус үйлдвэр 2015 онд улсын төсөвт 284 тэрбум төгрөг төвлөрүүлсэн, харин 2016 онд улсын төсөвт төлсөн татварын талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж байгаа билээ. Гэхдээ 2016 оны төсвөөс 70 тэрбум төгрөгийг урьд жил нь урьдчилан төлсөн байна. Тэгвэл 2017 онд 650  Мянган тн баяжмал экспортолж улсын төсөвт 174,5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.  

Эрдэнэтийн овооны зэсийн ордыг түшиглэн үйлдвэр дагасан хот барьж байгуулахад эрдэс баялагын нөөцийг тогтоохдоо блансын нөөцийн 70 хувийг ашиглана хэмээн тооцдог юм байна.

Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахдаа  дээрх жишгээр тооцож жилд 20 сая тонн хүдэр боловсруулж, 50- 60 жил ашиглах, техник эдийн засгийн үзүүлэлт /ТЭЗҮ/ хийсэн байдаг гэж үйл явдлын гэрчүүд ярьдаг. Байгуулагдсанаас нь хойш тус бүс нутагт геологийн судалгаа хийж нөөцийг нь шинэчлэн тогтоожээ. Шинэчлэн тогтоосон нөөц дээрээ үндэслэн 1995 онд хүдэр боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нь  таван сая тонноор нэмэгдүүлсэн.

Уулын баяжуулах  Эрдэнэт үйлдвэр, 100 хүн амтай шинэ хот,  Орхон голоос ус татах сувгийн барилга байгууламжаас бүрдсэн иж бүрэн  цогцолборыг  Дархан хоттой холбох төмөр болон авто замын хамт барьж байгуулжээ. Монгол улс тухайн үеийн ЗХУ-аас 480 сая шилжих рубелийн зээл авч хамтарсан үйлдвэрийг  ашиглалтад оруулсан юм.

Шилжих рубель гэдэг нь хэт их гүрэн ЗХУ-ын харьяанд байсан социалист орнуудын хооронд төлбөр тооцоо хийдэг мөнгөний нэгж аж.

Монгол улс  саалийн ганц үнээтэй болоод 38 жил болж байна.

Тоймч Г.Эрдэнэбат