БИД АРТОН БИШ Ч ГЭЛЭЭ ШИНЭ БАЙХЫГ ХҮСНЭ

PDF version
Бичсэн: 
Тоймч Б.Алтанхуяг

ХАРГИСЛАЛЫН ТЕАТР

Өнөөгийн ертөнц нууцлаг хийгээд утга учиргүй зүйлсийн цуглуулга мэт санагдах хачин мэдрэмж олон хүнд төрдөг нь лавтай. Бидний нүднээс далд, хөшигний ард олон үйл явдал өрнөж, нийгэмд бүхэлдээ галав юүлж буй мэт эрин зуунд бид амьдарч байгаа нь үнэн.

Дэлхийн улс гүрнүүдийн хооронд “чимээгүй дайн” хэдийн өрнөсөн гэх... Энэ эмх замбараагүй, утга учиргүйг орчин үеийн хүний ухамсар хэрхэн хүлээн авч синкретизмийн үе буюу хүн төрөлхтний сонгодог эртний үеийн урлагийн оргилд гарч байсан суутнуудын жишээг давтаж, тэднийг яахин давж гарч болохыг 1900 оны тэртээ “абсурдизм”-ын эцэг Антонин Арто бидэнд үзүүлж чадсан билээ. Өнөө үед олны дунд өрнөж байгаа эмх замбараагүй асуултанд тэрээр хариулахын тулд “Харгислалын театр”-ыг бий болгосон гэж судлаачид дүгнэдэг.

Тэгвэл бидэнд ч гэсэн өнгөрсөн зууны түүхийн тухай хүмүүсийн ойлголтыг өөрчлөх боломж бий. Ер нь урлаг тэр чигээрээ оюун санааны эд эсүүдийг шатааж дахин шинээр төрүүлж байдаг зүйл.

Саяхан Драмын театрт их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан дахин нэг жүжиг амиллаа. Уг жүжгээс өмнө зохиолч Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар", Ц.Хулангийн "Монгол ардын суут" гэх хоёр жүжиг тайзнаа тавигдсан юм. Зохиолч П.Батхуягийн бичсэн Д.Нацагдоржийн тухай "Үйлийн гурван чулуу" эмгэнэлт драмын жүжиг бүхэлдээ “харгислалын театр”-ын нөлөөн дор бичигдсэн гэж хэлж болно.Гэхдээ өгүүлж буй зүйлсийг минь Арто эсвэл Беккет, Эжен нарын абсурдизмтай хольж хутгах хэрэггүйг сайтар анхаарах хэрэгтэй. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал ажилласан бөгөөд СУИС-ийн “Театр урлаг”-ийн сургуулийн жүжигчний 4-ийн А ангийн оюутнууд тайзнаа амилуулсан билээ.

Уг жүжиг зохиолчийн бичсэн “Момо ба Моно” хэмээх жүжгийн түүвэрт “Чулуудын хүүрнэл” нэрээр орсон буй. Харин юуны учир тайзан дээр “Үйлийн гурван чулуу” нэрээр амилсан хэрэг вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй дотроос гижигдэнэ. Гэвч энэ мөнөөх л хөшигний цаадах нууц асуулт хэвээр үлдэв.

Жүжгийн гол дүрүүд болох Нацагдорж, Пагмадулам, Лэгшиг нар болон өвгөн ноён, харуулын цэрэг, Дотоодыг хамгаалахын ажилтан Пунцаг-Майдар, мэдээлэгч Цагаанчулуу зэрэг бүх хүмүүс үхдэг. Жаахан хатуухан үгээр хэлчихснийг минь уншигчид өршөөнө биз. Гэвч уг жүжиг өөрөө уншихад ч хатуухан эхлэл, өрнөл, тайлал, төгсгөлтэй гэдгийг давхар анхаарууштай. Сүүлчийн хэдэн үзэгдлийн туршид буун дуу гарч, ажилдаа улайрсан дотоодыг хамгаалахын ажилчид дэргэдэх хүндээ уурлаж хилэгнэх бүртээ буугаа гаргаж ирээд үзэгчдийн зүг чиглүүлж ярина. Мөнхүү харилцан яриа, хөгжмийн аялгуунаас илүүтэй хүмүүсийн хашгирааныг уг жүжгээс сонсоно. Нэг ёсондоо чих ядаргаанд орчих шиг...

Ямартай ч тайзны соёл, жүжигчдийн ур чадварын талаарх асуудлыг сөхөлгүй орхихыг хичээе. Угаас энэ бол хоёрдугаар асуудал. Гол нь ойлгоход амаргүй үйл явдлуудын холбоос, зөрчил, тэмцэл, зүүдний өгүүлэмж, юм бүхнийг логикт үл захируулах задгай сэтгэлгээг үзэгчид тус жүжгээс харж чадсан гэдэгт итгэлтэй байна.

ЧУЛУУДЫН ХҮҮРНЭЛ

Тайзан дээр гурван том пирамид хэлбэртэй гурвалжин зүйлс байрлуулжээ. Нөгөөтэйгүүр талын хойморт сүндэрлэн үзэгдэх гурван том уулыг санагдуулна. Үзүүр нь салахад цонх нээгдэж Нацагдоржийн гэр үзэгдэх бөгөөд хоймор талынхад нь номын сан байрлана. Мөнхүү наагуур нь төмөр сараалжин тор байрлуулж шоронгийн ахуй ч бүрдэх боломжтой. Тайз заслын хувьд алдаатай зүйлс ч мөн ажиглагдаж байв. Учир нь зохиолчийн Германд сурч байх үеийн хэсэгхэн үйл явдал гарах мөчид эдгээр зүйлс хэрэггүй. Гэвч эдгээр нь уул юм уу толгод биш бөгөөд үйлийн гурван чулуу гэдгийг ойлгох хэрэгтэй. Үйлийн гурван чулуу гэдэг нь Лэгшиг, Нацагдорж, Пагмадулам гурвын ээдрээт амьдрал, тэмцэл, алдар нэр, хайр сэтгэлийн төлөөх тэмцэлдээн, зайлшгүй эдлэх ёстой хувь тавилан нь байлаа.

Жүжиг хилс хэргээр шоронд хоригдож буй Нацагдорж “Балмад явдал бүхний гэрч болж энэ гурван чулуу үлдээ дээ” хэмээн хэлснээр эхэлдэг. Туулж өнгөрүүлсэн зовлон шаналал, худал хуурмаг бүхнийг тэр уг хэлсэн өгүүлбэртээ бүрэн шингээж өгсөн бөгөөд бүхий л ээдрээт амьдралынхаа талаар санан дурсаж, үйл явдлууд ар араасаа өрнөнө.

Харин тэр бүхнийг энд тоочих боломжгүй. Их зохиолчийн “Учиртай гурван толгой” гэж жүжиг бий. Харин П.Батхуягийн жүжигт үүнтэй адил зөрчил бий гэхэд хилсдэхгүй. Учир нь “Үйлийн гурван чулуу” бол Нацагдорж, Пагмадулам, Лэгшиг гурвын хайр сэтгэлийн зөрчилдөөн юм. Тэгээд дээр нь сэхээтнүүдээ үг өчиггүй буудан хороож, хэргийг хав дарж байсан хувьсгалт төр нэмэгдэнэ. Чухам Германд хамт сурч байсан Лэгшиг хэмээх залуу Пагмадуламд хайртай болсноор зохиолчид хуурмаг хэрэг үүсгэж шоронд хорьдог. Мөнхүү жүжгийн төгсгөлд Нацагдоржийн хувцсыг харуулын цэрэгтэй сольж өмсгөөд гэмгүй цэргийн нүүрийг хүн танихыг эцэсгүй болгож Яармагийн гүүрэн дээрээс шидэж орхино. Ингээд “Нацагдорж амиа хорложээ” гэх буюу мөн “Герман руу зугтсан” гэх цуу яриаг ардуудын дунд Цагаанчулуу, Хасчулуу нараар тараалгаж орхидог.

Эцэст нь Нацагдоржийг дотоодыг хамгаалахын ажилтан Пунцаг-Майдар харуулын цэргийн өмсөж байсан эр цэргийн хувцасны суран бүсээр хоолойг нь боож алдаг. Ийнхүү Лэгшигийн тушаалаар бүгдийг биелүүлсэн ч өөрөө дээд яамд Лэгшигийн талаар матаас бичсэн учир мөн амиа алдана. Бүх хэргээ гүйцэлдүүлсэн Лэгшигийн сэтгэлд баяр хөөр тодорч Пагмадулам дээр очвол цаадах нь дайлж цайлаад архинд нь хор хийсэн талаар хэлнэ. Лэгшиг уурсан босч Пагмадулмыг буудан хорооно. Харин Пагмадулам “За, хамаг бүхэн санаснаар болов. Лэгшиг ээ, би та нар шиг алуурчин биш. Архинд чинь юу ч хийгээгүй. Тайван байж болно. Чи мөн их айв, аа” гэж хэлдэг. Эцэст нь өөрийн хайртай хүнийг хөнөөсөн Лэгшиг өөрийгөө буудаж амиа егүүтгэх ба дээд яамнаас дарга Лэгшигийн хэргийг нууцлахыг зөвлөж басхүү гэрч байсан үгүй эргэлзэж байгаагаар жүжиг төгсдөг.

Хүн бүхэн өөрсдийн гэсэн үйлийн чулуутай байдаг хэмээсэн нь жүжгийн гол философи санаа. Зайлж гарахын аргагүй хувь тавилан, эдлэх ёстой үйлийн үр гэж хүн бүхэнд бий. Бид өөрсдийн чулууг дааж явах ётсой. Мэдээж  амьдрал чулуу шиг хатуу, үйлийн үр гээч нь даашгүй хүнд зүйл билээ.

Харин нэг зүйлийг тодорхой ажиглах хэрэгтэй. Зохиолч өөрөө “Үзэгчдэд бэлэн гоймон савхдаж идэх шиг утга тодорхой бэлэн жүжиг үзүүлэхгүй” гэж хэлсэн удаатай. Тиймээс Нацагдоржийн үхлийн талаар хүн бүхэн өөрсдийн гэсэн бодол санааг дотроо тээж яваа биз. Үнэхээр түүний амийг дотны найзынх нь тушаалаар дотоодыг хамгаалахын яамны ажилтан хөнөөсөн хэрэг үү? Эсвэл хүрээний гангачуул, алдар нэрийг горилогчид хилс хэрэгт гүтгэж алав уу? Яг үнэндээ аль нь ч биш. Учир нь цэргийн хувцас бол төрийн хувцас гэдгийг санах хэрэгтэй! Түүнийг харуулын цэргийн суран бүсээр хүзүүг нь боомилон алж буйг жүжигт тодорхой харуулдаг. Тиймдээ уг жүжигт эргэлзээд байх зүйлгүй “үнэн”-г маш тодорхой үзүүлсэн санагдана. Өөрөөсөө, зохиол бүтээлээсээ ч илүү хайрлаж, үнэнчээр зүтгэсэн хувьсгалт төр нь л цэл залуухан Нацагдоржийг хороосон гэх ганц үнэн дээр тогтлоо.

Аль ч цаг үедээ урлаг үнэт зүйлсээ алддаггүй юм гэдгийг санах хэрэгтэй. Ямар ч утгагүй зүйлсийн тухай өгүүлсэн байлаа гээд мэдлэг бол хүний дээд хэмжүүр бус мэдлэгээр тэжээгдсэн задгай сэтгэлгээ л чухал гэдгийг Артон харуулсан. Гэхдээ бид Артон биш ч гэлээ шинэ байхийг хүснэ. Чулууд бидэнд ийн хүүрнэв.

 

                                                                                                                        Б.Алтанхуяг