Хойд Солонгост туслах уриалгыг дэмжив

 |  Written by MontaStudio  | 
PDF version

Монгол Улсад суугаа БНАСАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Чве Хё Сен өнөөдөр МОНЦАМЭ агентлагаар дамжуулан, Байгалийн гамшигт өртсөн Хойд Солонгосын ард түмэнд туслах хөдөлгөөн өрнүүлж байгаа Монголын төрийн болон төрийн бус байгууллагуудад талархсанаа илэрхийллээ.

Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа Хойд Солонгосын ард түмэнд туслахыг уриалж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэн тэдний ажилд дэмжлэг үзүүлэхээр болов.

Өнгөрөгч 8 дугаар сарын сүүлээр Солонгосын хойд хэсэг тухайлбал, Умард Хамген мужийн нутагт сүүлийн 70 жилд тохиолдоогүй хүчтэй салхи шуурга дэгдэж аадар бороо орсны улмаас суурин газруудад их хэмжээний хохирол учирсан билээ. БНАСАУ-ын ЭСЯ-наас өгсөн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр дээрх гамшигт 138 хүн амь насаа алдаж 400 хүн сураггүй алга болсон бөгөөд 18000 барилга байшин сүйдэж 68990 хүн орон гэргүй болжээ. Мөн 11283 өрх, 27411 га тариалангийн талбай үерт автаж 98590 м зам,1868 м гүүр, 60 км далан, 61497м төмөр замын далан, 175155 ам дөрвөлжин метр олон нийтийн барилга, 23742 ам дөрвөлжин метр үйлдвэрлэл аж ахуйн барилга,11039 ам дөрвөлжин метр бага ба дунд сургуулийн байшин, 2637 ам дөрвөлжин метр цэцэрлэг ба хүүхэд саатуулах газрын байшин барилга эвдрэн нурсан байна. Эдүгээ Солонгосын Хөдөлмөрийн Нам, БНАСАУ-ын Засгийн газар байгалийн гамшгийн хор хохирлыг арилгах чиглэлээр боломжит бүх ажлыг хийж байгаа юм.

Монгол Улсын “Амьдрах ухаан төв”, “Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо”, “Туслах цэг сан” зэрэг байгууллагууд үерийн улмаас орон гэргүй болсон хүүхдүүдэд туслах аяныг эхлүүлсэн байна. Тусламжийн аяныг хоёр чиглэлээр явуулах юм байна. Тухайлбал хандивын данс нээх, иргэдэд хандан хүүхдийнхээ хуучин, хувцсыг цуглуулж өгөхийг хүсчээ. Хэрэв иргэд хороо, байраараа нийлж дулаан хувцасаа цуглуулбал машинаар очиж авах аж. Харин цуглуулсан мөнгө, хувцас, эд зүйлсийг БНАСАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэж өгснөөр тусламж эзэндээ очих бөгөөд Монголын нийт ард түмнийг халуун сэтгэлийн хандив өргөхийг уриалж байгаа билээ.

“Солонгосын дайны хүнд бэрх жилүүд болон, чөлөөлөгдсөний дараах он жилүүд мөн байгалийн гамшиг тохиолдсон үед чин сэтгэлийн халуун гараа сунгасаар ирсэн ах дүү Монголын ард түмний дэмжлэг туслалцааг бид мартаагүй, мартах ч үгүй” хэмээн БНАСАУ-ын ЭСЯ-ны талархалд онцгойлон дурджээ.