Монголын их зохиолчийн 110 жилийн ой тохиож байна

 |  Written by MontaStudio  | 
PDF version

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсэн өдөр өчигдөр болж өнгөрлөө. Монголчууд их зохиолчийнхоо 110 насны ойг угтан урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулж байна.

Тухайлбал Нацагдоржийн тухай шинэ уран бүтээл болох “Жаргаагүй нар”, “Монгол ардын суут”, “Чулуудын хүүрнэл” жүжгүүдийг театрын тайзнаа тавьж, түүний намтар, уран бүтээлээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, түүний бүтээлийн номзүйг анх удаа эмхэтгэн хэвлэж, хөшөөнд нь цэцэг өргөж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төрж 1937 оны 7 дугаар сарын 13-нд нас баржээ. Д.Нацагдорж ЗХУ болон Германд суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ. Д.Нацагдорж "Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг, "Учиртай гурван толгой" дуурь, "Миний нутаг", "Од", "Октябрь" зэрэг олон арван шүлэг, "Хуучин хүү", "Цагаан сар ба хар нулимс", "Харанхуй хад" зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ. Мөн Оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн"Алтан цох" гэх мэт хэдэн зохиолуудыг орос, герман хэлнээс  орчуулжээ. Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны зэрэгцээ түүвэр зохиол нь Орос, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.