Монголоос А.Баярцэцэг “Дэлхийн мисс”-т оролцоно

 |  Written by MontaStudio  | 
PDF version

“Miss World-2016” тэмцээнд Монгол улсаас Алтангэрэлийн Баярцэцэг хэмээх бүсгүй оролцохоор боллоо. Энэ жилийн “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд болох юм.

А.Баярцэцэг өнгөрсөн жилийн "Miss Mongolia" тэмцээнд "Зорилго бүхий гоо сайхан" тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарсан. Мөн Австри улсад болсон Эх дэлхийн мисс буюу "Miss Earth" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, 90 гаруй орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 16-д багтсан юм. Тус тэмцээнд Монгол орноо сурталчилсан эко-видео нь шилдэг дөрөвт шалгарч, "Youtube" сүлжээнд 210 мянга гаруй хандалт авчээ. Түүнчлэн шилдэг фотомисс, шилдэг үдшийн даашинзтай мисс, шилдэг илтгэгч миссээр шалгарч байсан юм. Энэ жил 26 настай А.Баярцэцэг ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан, англи, испани хэлтэй. Тэрээр Алдарт найруулагч Кристофер Копполагийн "Deadbeats" тэргүүтэй Монгол, Америкийн дөрвөн кинонд гол дүр, "Миний эхнэр тагнуулч", "My Sacred Blood", "White on Rice" зэрэг есөн кинонд туслах дүр бүтээсний зэрэгцээ ирэх онд зураг авалт нь хийгдэх "Зоригт Хотолун Гүнж" түүхэн тулаант киноны гол дүрд тоглохоор бэлтгэж байгаа ажээ.